НҮБ-ын хүүхдийн сангийн зүүн ази, номхон далайн бүсийн захирал Деборо Коминиг хүлээн авч уулзлаа

сайд С.Энхболд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Дебора Коминийг Эрүүл мэндийн яаман дээр хүлээн авч уулзав. Тус уулзалтад Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох, Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа болон НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Дебора Комини, Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Эваристе Коуасси-Комлан, Эрүүл мэндийн ахлах ажилтан Ч.Батаа нар оролцлоо.
                                                                                                                     
Сайд С.Энхболд Улс орны хөтөлбөрөөрөө дамжуулж НҮБ-ын Хүүхдийн сан Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн олон улсын хөгжлийн зорилтуудыг хангахад чиглэсэн хүүхэд хамгаалал, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжил зэрэг өргөн хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв. Тухайлбал, эрүүл мэндийн салбарт Хүүхдийн сан нь эх, нярай болон бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах, тэдний эрүүл мэндийг хамгаалах, дархлаажуулалт, ариун цэвэр, усан хангамжийн хүртээмжийг дээшлүүлэх зэрэг амин чухал чиглэлүүдээр хамтран ажиллаж ирснийг онцлон тэмдэглэв.
                                                                                                                                                                                    
КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд зориулж олон улсын бусад байгууллагууд болон хандивлагч улсуудаас олгосон нийт 7,7 тэрбум орчим төгрөгийн санхүүжилтийн хүрээнд Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудад коронавируст халдварын эмчилгээнд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл, хүчилтөрөгчийн хангамж, эмнэлгийн тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, зэргийг НҮБ-ын Хүүхдийн сан өөрийн Хангамжийн газраар дамжуулан худалдан авч нийлүүлэх ажлыг түргэн шуурхай зохион байгуулж өгсөн нь цар тахлын эсрэг бэлэн байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан гэлээ. Түүнчлэн Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжсэн “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх төсөл” -ийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын байгуулсан гэрээний үндсэн дээр худалдан авсан КОВИД-19-ийн эсрэг 2,5 сая тун Пфайзер вакцины олон улсын логистикийг найдвартай гүйцэтгэхийн зэрэгцээ Дэлхийн банкны санхүүжилтээр ХӨСҮТ-ийн дэргэдэх Вакцины төв агуулахын өргөтгөлийг барьж хүлээлгэн өгөх үйлчилгээг богино хугацаанд чанартай гүйцэтгэсэн болохыг онцлов.
         
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Дебора Комини КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтыг богино хугацаанд өндөр хамрагдалттай нэвтрүүлэхийн хажуугаар хүүхдийн товлолын вакцинжуулалтыг тасалдалгүйгээр зохион байгуулж чадсан нь өндөр амжилт болохыг онцлоод цар тахлын аюулаас хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалж, харьцангуй хохирол багатай даван туулж байгаа Монгол Улсын Засгийн газар, эрүүл мэндийн салбарын нийт ажилтан, хамт олонд баяр хүргэв. Уулзалтын  үеэр Бүсийн захирал хатагтай Дебора Комини НҮБ-ын Хүүхдийн сан Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газраараа дамжуулж 2022-2027 онд хэрэгжих Улс орны хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, зорилтуудыг хангахад Засгийн газар, Эрүүл мэндийн яамыг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа нотлов.
Уулзалтын төгсгөлд НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Эваристе Коуасси-Комлан КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтыг үндэсний хэмжээнд манлайлан амжилттай удирдан зохион байгуулж нэмэлт тунгийн хамралт өндөр байгаад Монгол Улсын Засгийн газарт баяр хүргэв. Түүнчлэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг амжилттай эхлүүлснийг онцолж, цаашид бага насны хүүхдийн эрт илрүүлгийн үзлэг шинжилгээг НҮБ-ын Хүүхдийн сан дэмжиж ажиллахаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *