Хотын төвд байрлах станц биш хариуцлагагүйн зуд л аюул тарьж байна
Улаанбаатар хотод урд шөнө ноцтой осол гарч, эрдэнэт хүний амь хохирлоо. 20 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн ба галын түймэрт өртсөн эд хөрөнгийн хохирлын хэмжээ гэвэл зүрх алдам дүн гарах нь мэдээж.
Энэ ослоос улбаалж хотын төвөөр байдаг шатахуун түгээх станцуудыг ад үзэх хандлага цахим орчноос харагдаж байна. Гол айдас нь станц төвдөө байгаад биш, стандартаа мөрдөж байгаа эсэхэд буйг бид ойлгох учиртай юм.
Шингэрүүлсэн хий нь дэлхий нийтийн хэрэглээ бөгөөд Монголд ч албан байгууллага, айл өрхүүд өдөр тутамдаа газ хэрэглэх нь нэмэгдсээр байна. Хамгийн чухал нь стандарт. Хотын төвд ШТС байгаа нь аюул бус, тэнд аюулгүй ажиллагааны стандарт мөрдөгдөж байна уу, стандарт мөрдөж байгаа эсэхэд мэргэжлийн байгууллага нь хяналт шалгалт хийж байна уу? гэдгийг ярилцъя. Мөрдөөгүй байгууллагууд байвал хариуцлага тооцъё.
Өнгөрсөн зуны үер усны гамшиг, өргөн цар хүрээ, хохирол ихтэй осол үе үе гарч, олныг цочирдуулсаар байна. Энэ үед нийгмээрээ шуугиж, халаглаад өнгөрдөг ч хариуцлага хүлээдэг дарга, сайд, албан тушаалтан Монголд алга.
Уг гамшиг ослын буруутан гэж нэг гүйцэтгэх албан хаагч, эсвэл хувийн компаниуд руу буруугаа чихээд өнгөрдөг жишиг тогтоод байна. Эрсдэл гарахад нөлөөлсөн тогтолцооны гажиг согогийг засах замаар асуудлын цаадах суурь шалтааныг авч үзэх тал дээр яагаад анхаарахгүй байна вэ.
Шадар сайд С.Амарсайхан хэдхэн хоногийн өмнө Стандарт, хэмжил зүйн салбарын албан хаагчидтай уулзах үеэрээ ”Монгол Улс хөгжихгүй байгаагийн гол шалтгаан нь стандарт мөрддөггүйтэй холбоотой” гэж үнэнээ хэлсэн.
Гаргасан стандартаа журмаа эргэн харж шаардлагатай бол шинэчлэн сайжруулж, мөрдүүлэх нь төрийн үүрэг боловч энэ тал дээр санаа тавьдаг дарга нар байдаг болов уу. Салбарынхаа журам, стандартыг мөрдүүлж ажиллуулаагүйн төлөө хариуцлага хүлээдэг албан тушаалтан лав байдаггүй нь манай нийгмийн гажуудал, дараа дараагийн эрсдэлийн эхлэл суурь болж байгааг хэзээ ухаарах вэ.
Бидний даган дуурайх дуртай хөгжсөн улс орнуудад шатахуун түгээх станцууд нь орон сууц, үйлчилгээний төвүүдтэйгээ зэрэгцэн байгуулсныг монголчууд гадаадад явахдаа олонтаа харсан биз ээ.
Гадаадад болоод байгаа зүйл Монголд болохгүй гэж муйхарлахын оронд бидэнд ямар асуудал байгааг олж харъя. Шатахуун түгээх станцууд, шингэрүүлсэн хий хэрэглэж байгаа газруудын аль алинд тэсэрч, дэлбэрэх аюул бий. Энэ утгаар нь харвал дэлхий нийтээрээ тэсрэх бодисын дунд оршиж байна.
Тэсэрч дэлбэрвэл нөхөж баршгүй хохирол учруулах эдгээр бодисыг хэрэглэхийн тулд аюулгүй ажиллагааны дүрэм стандартаа мөрдөх, иргэд ч энэ талаар мэдлэгтэй байх шаардлага тулгарч байна. Өнгөрсөн шөнийн ослын үед газ дэлбэрч байхад тамхи зуучихсан зайнаас харж зогсох иргэний зураг цахим орчинд харагдсан. Тиймээс стандарт мөрдөн ажиллаж буй шатахуун түгээх станцуудыг ад үзэхийн оронд хэрэглээ нь өдөр ирэх тусам нэмэгдсээр буй шингэрүүлсэн хий зэрэг тэсэрч дэлбэрэх бодисын эрсдэлээс хамгаалах, иргэн бүр ойлголттой болох, нийтээр аюулгүй байдлын дүрэм журам сахин мөрддөг хариуцлагатай үндэстэн болохын төлөө ажиллах цаг болжээ.