Вакцинд хамрагдсан батламжийг шалгахгүй оруулж байжээ
НОК-ын Шуурхай штабаас энэ сарын 15-наас үйл ажиллагаагаа эхлүүлсэн сургалтын төв, кофе шоп, чийрэгжүүлэлтийн төв, усан бассейн зэрэг нийт 24 байгууллагын үйл ажиллагааг шалгаж, арга зүйн зөвлөмж өгч ажиллажээ.
Шалгалтын хүрээнд аж ахуйн нэгжүүдэд бүртгэл дутуу хөтлөх, үйлчлүүлэгчийн халууныг хэмжихгүй оруулах, гар ариутгагчгүй, QR код тавиагүй, хүн хоорондын зай бариулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрч байлаа.
Давхардсан тоогоор 56 зөрчил илрүүлэн, газар дээр нь 14 зөрчлийг арилгуулсан юм. Мөн аж ахуй нэгж, байгууллагууд дархлаажуулалтын II тундаа хамрагдаагүй болон бүрэн тунд хамрагдсан ч дархлаа тогтох хугацаа нь болоогүй ажилтан ажиллуулж байсан, үйлчлүүлэгчдийн вакцинд хамрагдсан цахим батламжийг шалгахгүй оруулж байсан зэрэг зөрчил нийтлэг гаргажээ.
Зөрчил, дутагдал нэлээдгүй байсан ч дүрэм, журмаа баримтлан ажиллаж байгаа аж ахуйн нэгж ч цөөнгүй таарч байсан талаар ажлын хэсгийнхэн ярьж байлаа. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Усан спорт сургалтын төв халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, бүх ажилтан, алба хаагчдаа дархлаажуулалтын II тунд хамруулж, үйлчлүүлэгч нарт цаг өгч үйлчилж байна гэлээ.