Цөлжиж дуусахад “ЦӨӨН” газар үлдлээ

Ургамлаар бүрхэгдсэн, газрын гадаргууны бүтэц өөрчлөгдөж, үржил шимгүй болохыг цөлжилт гэж тодорхойлжээ. Газрын гүний ус ууршин, эрдэс давс үлдсэнээс ургамал ургах боломжгүй болдог. Эдгээр хөрсний эвдрэл цөлжилтөд хүчтэй нөлөө үзүүлдэг. Ийм газарт тариалан эрхлэх боломжгүй бөгөөд  уур амьсгал нь өөрчлөгддөг. Газрын гадаргууны өөрчлөлтөөс үүссэн ургамлын бүрхэвчгүй болсон газар нутаг цөлийн уур амьсгалтай болдог болохыг  ажиглалтаар тогтоосон ажээ. 

Ойн экосистем: Манай орны нийт нутаг дэвсгэрийн 6,8%-ийг ой эзэлдэг. Дулаарал, түймэр, хортон шавьж, уул уурхай, хэт бэлчээрлэлт зэрэг хүний хүчин зүйлс доройтолд хүргэнэ.

Цөлжилтийн өмнөх үйл явц нь экосистемийн доройтол мөн

Өнөөгийн байдлаар дараах хүчин зүйлсийн нөлөөгөөр нийт бэлчээрийн 70% нь талхлагдсан. Хэдийгээр манай орны бэлчээрийн талбай харьцангуй бололцоотой ч 4 улиралд сэлгэн нүүдэллэх уламжлал алдагдсан. Талхлагдалд дараах хүчин зүйлс нөлөөлжээ.

Малын тоо 40 гаруй сая хүрсэн ч бод малд шилжүүлэхэд төдийлөн өсөөгүй. Энэ нь бог мал бод малын бэлчээр тэжээлийг доройтуулж улмаар ган зудад бод мал ихээр хорогдох шалтгаан болдог. 1999-2002 онд 23,3 сая мал хорогдсоны 75% нь бод мал. Сүүлийн 40 жилд бэлчээрийн ургамлын гарц 20-24% буурсан. Идэмж муутай ургамлы төрөл зүйл нэмэгдсэн. Мал сүргийн тоо 40 сая давж үүний тал шахам нь Ямаан сүрэг эзэлж байна. 

Монгол орныг цөлжихөд түлхэц үзүүлэх байгалийн хүчин зүйлийг дараах шалтгаантай гэж үзэж байна:

  • Чийг дутмаг, хуурайшилт ихтэй
  • Xавар салхи ихтэй хуурай
  • Хур тунадас бага, голдуу зун унадаг
  • Намрын хурц нар хуурай орчин

Монгол улсын нутаг дэвсгэрийн 90% нь цөлжилтөд өртөх магадлалтай гэж судлаачид үздэг. Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 78 орчим хувь нь цөлжилтөд ямар нэг хэмжээгээр өртсөн байна. Цөлжилт энэ эрчээрээ үргэлжлээд байвал 2080 он гэхэд Хэнтий болон Хөвсгөл аймгийн нутгаас бусад хэсэг цөлжилтөнд өртөж, ургамал ургах чадваргүй болно гэсэн урьдчилсан тооцоо бий.

Монгол орны хувьд бэлчээрийн талхлагдал нь цөлжилт, газрын доройтлын үндсэн хүчин зүйл болж байна. Энэ нь бэлчээрийн газрыг ашиглах талаархи бодлого, зохицуулалт муу байгаагийн үр дагавар юм. 

Монгол орны нийт нутгаар 2021 оноос их хуурайшил буюу гангийн давтамж эхэлнэ гэж эрдэмтэн судлаачид бичиж байна. Энэхүү цаг уурын таагүй үзэгдэл 20 жил үргэлжилнэ гэсэн таамаг гарчээ. Монголд өмнө нь нийт долоон удаа их хуурайшлын давтамж тохиож. Хамгийн удаан нь 58 жилийн хугацаанд үргэлжилж байсан аж.Өнгөрсөн 30 жилд уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайн тэлэлт, хүний бусад хүчин зүйлээс болж хэдэн зуугаар тоологдох гол, мөрөн, нуур ширгэж үгүй болсон. Гол мөрөн, нуур цөөрөм ширгэж үгүй болоход нөлөөлж байгаа шалтгаан нь дулаарал, манай орны ойн сан багасч байгаа явдал ажээ. Мөн хүний буруутай үйл ажиллагаа гол хүчин зүйл болж буй.

Монгол орон 3826 нууртай. Нэг ам километр хүрэхгүй талбайтай жижиг нуур, тойрмоос эхлээд нэг мянгаас дээш ам километр талбайтай их нуурууд үүнд багтаж буй.

Усны сан бүхий газар 686.1 мянга га буюу нийт газар нутгийн 0.4 хувийг эзэлж байна. Усны сан бүхий газарт гол мөрөн 33.3 хувь, нуур, цөөрөм, тойром 64.6 хувь, горхи, булаг, шанд 1.8 хувь, мөнх цас, мөсөн гол 0.2 хувийг эзэлж байна. 

Монгол улс усны нөөц, ой модны нөөц багатай орны тоонд ордог. Мөн цөлжиж буй орон гэж үздэг.

Цөлжилтийн нэн хүчтэй, хүчтэй зэрэглэлд Увс нуурын хотгор, Их нууруудын хотгор, Нууруудын хөндий, Дундговь, Дорноговийн гандуу хуурай, цөлөрхөг нутгууд ихэвчлэн хамрагдаж байна. Говь, хээрийн бүсийн 145 сумын төв суурин газар элсний нүүдэлд өртөөд байгаа юм.

 Уур амьсгалын өөрчлөлт:  Агаар мандал дахь элс, тоосны хэмжээг нэмэгдүүлэх замаар цөлжилт уур амьсгалын өөрчлөлтөд “хувь нэмэр” оруулж байна. Агаар мандал дахь тоосны ширхгүүд нарны туяаг сарниулж, газрын гадаргуу дээрх дулааныг багасгаж, эсрэгээр агаар дахь дулааныг нэмэгдүүлдэг гэнэ. Үүний сацуу, тоосны ширхэг үүл үүсэхэд нөлөөлдөг тул ялангуяа хуурайшилт ихтэй бүс нутагт бороо орох магадлалыг бууруулдаг байна.  

Монгол орон нь уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг, өртөмтгий орнуудын нэг бөгөөд сүүлийн 70 жилд агаарын дундаж температур 2.1С-аар нэмэгдсэн байна. Мөн уур амьсгалын өөрчлөлт байгалийн экосистем төдийгүй хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан зэрэг нийгэм, эдийн засгийн гол салбаруудад сөргөөр нөлөөлж байгаа нь цаг алдалгүй, яаралтай арга хэмжээ авах хэрэгцээтэй байгааг илтгэж байна.

Эх Сурвалж: А. Дөлгөөн

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments