Биткоины ханш түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ
Дэлхийн хамгийн үнэ цэнтэй криптовалютад тооцогдож буй биткоины ханш лхагва гарагт ойролцоогоор 67 мянган ам.долларт хүрснээр өнгөрсөн дөрөвдүгээрт сард тогтоосон дээд үзүүлэлтээ шинэчиллээ. Ингэснээр есдүгээр сарын эцсээр 44 мянган ам.доллар байсан биткоины ханш энэ сард 50 хувиар өсөөд байна.
Ханш ийнхүү өсөхөд АНУ-ын эрх баригчид криптовалютыг хориглох шийдвэр гаргах төлөвгүй байгаа нь, мөн Жорж Сорос тэргүүтэй томоохон хөрөнгө оруулагчдын дэмжлэг, биткоины фьючерсийн биржээр арилжаалагдах анхны санг /ETF/ нээсэн нь нөлөөлжээ.
Энэ долоо хоногийн мягмар гаргаас худалдаалж эхэлсэн “ProShares Bitcoin Strategy ETF” бүтээгдэхүүний ханш лхагва гаргийн өглөө гурван хувиар өссөн байна.
Саяхан “JPMorgan Chase” компанийн гүйцэтгэх захирал Жейми Даймон биткоиныг “ямар ч үнэ цэнгүй” хэмээн тодорхойлсон зэргээр уг критовалютыг дагасан шүүмжлэл үргэлжилсээр байгаа ч хөрөнгө оруулагчид биткоиныг илүү өндөр үнэд хүрнэ гэж таамагласаар байна.“AvaTrade” компанийн зах зээлийн ахлах шинжээч Наим Аслам лхагва гарагт хэлэхдээ, одоогийн өсөлтөөс харахад биткоины ханш оны эцэс гэхэд 100 мянган ам.долларт хялбархан хүрнэ гэж бид харж байна гэв.