Говь, цөлийн бүсийн 160 булгийн эхийг хашиж хамгаалжээ

Сүүлийн таван жилд байгаль хамгаалагчид говь, цөлийн бүсийн 160 нүдэн булгийн эхийг хашиж хамгаалсан нь зэрлэг амьтан төдийгүй хүн, малыг ундаалах таатай нөхцөлийг бүрдүүлээд байна.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар Монгол орны говийн зэрлэг амьтад болох хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлт, тэдгээрийн амьдардаг экосистемийг хамгаалах, уг ажилд төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн иргэдийг татан оролцуулах зорилгоор “Говийн гайхамшигт 6”-г санаачилсан нь эдүгээ байгаль хамгааллын томоохон арга хэмжээ болж өргөжөөд байна.

No description available.

 

 

Энэ жилийн арга хэмжээг 2021 оны арван нэгдүгээр сарын 3,4-нд Өмнөговь аймаг хариуцан амжилттай зохион байгууллаа. “Монголын говийг дэлхийд таниулна” уриатай явагдсан уулзалтад Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь зэрэг аймаг, байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Олны сонирхлыг татсан энэ арга хэмжээний үеэр талууд “Говийн гайхамшигт 6”-г хамгаалах талаар өнгөрсөн хугацаанд ямар ажил хийсэн, цаашид юу хийхээ хэлэлцсэн юм.

Энэ жилийн хувьд хамтрагч талууд “Говийн гайхамшигт 6”-г хамгаалахад идэвх зүтгэлтэй ажиллаж багагүй хөрөнгө зарцуулжээ. Санхүүжилт ийнхүү нэмэгдэж байгаа нь говийн ховор амьтдын хамгаалал тэр хэмжээгээр сайжирч байна гэсэн үг юм. Үүнд, зэрлэг амьтдад зориулсан худаг гаргах, хөв цөөрөм байгуулах, булгийн эх хашиж хамгаалах, биотехникийн арга хэмжээ зэрэг амьдрах орчныг нь сайжруулах чиглэлээр хийсэн олон ажил орж байгаа юм. Мөн талуудын идэвх, зүтгэлийн хүчинд говийн ховор амьтад амьдардаг зарим нутгийг улсын тусгай хамгаалалтад оруулж, хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэг сая га-гаар нэмэгдүүлж чаджээ. Сүүлийн таван жилд талууд говь, цөлийн бүсийн 160 нүдэн булгийн эхийг хашиж хамгаалсан нь зэрлэг амьтан төдийгүй хүн, малыг ундаалж, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн харилцан шүтэлцээг хангасан ач холбогдолтой арга хэмжээ болсныг оролцогчид онцолсон юм.

“Говийн гайхамшигт 6” уулзалтын төгсгөлд хамтрагч талууд ирэх жил хийх зарим ажлаа төлөвлөж “Говь Гурван Сайханы тунхаг” т тусгалаа. Үүнд, Говийн гайхамшигт 6” санаачилгыг нэгэн үзүүрт бодлогод чиглүүлэх баримт бичгийг салбарын хөгжлийн бодлогод тусган хэрэгжүүлэхэд БОАЖЯын зүгээс дэмжлэг үзүүлэх нь чухал гэж үзлээ. Хэрвээ ингэж чадвал говийн ховор зэрлэг амьтдын хамгаалал нэг шат ахих боломжтой, тиймээс БОАЖЯ энэ асуудалд анхаарал хандуулж дэмжинэ гэдэгт найдаж буйгаа оролцогчдын олонхи нь хэлж байлаа.

Энэ жилийн арга хэмжээний нэг онцлог нь Өмнөговь аймаг “Говийн гайхамшигт 6” зүйлийн хамгаалалд манлайлан оролцохоо илэрхийлсэн явдал байлаа. Тиймдээ ч энэ манлайллыг талууд баяртайгаар хүлээн авч бүхий л талаар дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлжээ.

“Говийн гайхамшигт 6” зүйл амьтны өргөн уудам зайд нүүдэллэх нөхцөлийг бүрдүүлэх нь маш чухал байдаг. Энэ нь хамгааллын маш чухал ажил юм. Иймээс зэрлэг амьтдад ээлтэй жишиг гарц гарам байгуулах ажилд талууд хамтран ажиллах, ялангуяа зам, тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага бодлогын дэмжлэг үзүүлэх нь чухал гэдгийг “Говь Гурван Сайханы тунхаг”- т онцгойлон тусгалаа.

 

No description available.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *