УБ хот бол хэрэглэж байсан, явж байсан автомашины “оршуулгын цэг” биш
Засгийн газрын өнөөдрийн өргөтгөсөн хуралдаанаар Улаанбаатар хотын хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулахаар шийдвэрлэв.
Нийслэлийн гэр хороололд 201 мянган өрхтэй бөгөөд нийт хог хаягдлын 48 хувь нь сайжруулсан түлшний үнс байгаа аж. Улаанбаатар хотод хог дахин боловсруулах 36 үйлдвэр байгаагаас 17 нь идэвхтэй ажиллаж байна.
Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар :
“Улаанбаатар хотод ажиллаж буй хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр нь хуванцар, гялгар уут, автомашины дугуй, хөнгөн цагаан лааз дахин боловсруулдаг. Эдгээр үйлдвэрийг татварын бодлогоор дэмих, урамшуулахад нийслэл анхаарч байгаа. Нийслэл нийт хогийнхоо 90 хувийг булдаг бөгөөд энэ аргааас татгалзах шаардлага тулгарч байна. Цаашлаад гэр хорооллын нийт хогны 48 хувийг эзэлж буй үнсийг дахин ашиглах, боловсруулах талаар судалгаа хийж байгаа. 20 хувьд нь үнс орсон барилгын материал, хот тохижилтийн хавтан хийх туршилт амжилттай болсон.
Үүнийг цааш ахиулж, шинэ технологи нэвтрүүлэхэд хөрөнгө зарцуулах ёстой. Одоогоор нийслэл хог тээвэрлэхэд жил 24 тэрбум, булахад 2 тэрбум төгрөг зарцуулж байна. Бидний санаа зовж байгаа нэг асуудал бол приус маркын автомашины аккумуляторын хаягдал.
Манай хот бол хэрэглэж байсан, явж байсан автомашины “оршуулгын цэг” биш.
Нийслэлийн удирдлагууд энэ оны есдүгээр сарын 18-нд Улаанбаатар хот дээгүүр нисдэг тэргээр явж үзэхэд приус автомашин задалж хаясан, тос тосолгоогоо голын эрэг дагуу асгасан зэрэг асуудал байна.
Тиймээс Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, “ЖАЙКА”-ын удирдлагуудтай уулзаж, аккумуляторыг дахин боловсруулдаг үйлдвэр байгуулах санал тавьсан. Түүнчлэн Улаанбаатар хотод хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах ёстой. Энд нийт хогны 38 хувийг шатааж, эрчим хүч гарган авах, лааз, дугуй, гялгар уут зэргийг дахин боловсруулах үйлдвэрүүдийг дэмжснээр ландшифт буюу булах хогийн хэмжээ буурна.
2040 он гэхэд нийт хог хаягдлын 50 хувийг дахин боловсруулах боломжтой гэж үзэж байгаа.
Дахин боловрсуулах боломжгүй хогийн 42 хувийг шатааж эрчим хүч гарган авснаар булах хогийн хэмжээ 5-10 хувь байх юм. Улаанбаатар хот 2024 он гэхэд хог хаягдлын менежментэд жилд 44 тэрбум төгрөг зарцуулах тооцоо бий. Үүнээс 12.3 тэрбумыг нь хог шатаах, 29 тэрбумыг тээвэрлэх, 3 тэрбумыг булахад зарцуулах юм” хэмээв.