Чимэгэ шийдлийг НҮБ-ын Тогтвортой хөгжлийг дэмжигч шилдэг технологиор нэрлэлээ
Байгаль орчныг хамгаалах, эрүүл мэндийн халамж үйлчилгээг дэмжих, чанартай боловсрол олгох болон харилцаа холбоог шинэ түвшинд гаргахад хувь нэмрээ оруулж буй дэвшилтэт төслүүдийн нэгээр Монгол хүний бүтээсэн Чимэгэ технологийг нэрлэсэн байна. Уг шийдэл нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд (ТХЗ)-ыг дэмжин ажиллаж буй олон улсын цахим технологийн шилдэг шийдлүүдийг 2003 оноос хойш шалгаруулж буй World Summit Award (WSA)-ын “Бизнес ба Худалдаа”-ны ангилалд тэргүүн байр эзэлжээ. WSA шагнал нь дэлхийн 187 орны цахим технологийн шийдлүүдийг НҮБ-ын оролцоотойгоор шүүдэг.
Цар тахлын хорио цээр дунд өнгөрсөн сүүлийн хоёр жил цахим шийдэл хүн төрөлхтний амьдралд хэр ач холбогдолтой болохыг харуулсан. Тэгвэл тус шагналын 2022 оны ялагчид цахим технологийн шийдэл нь үүгээр ч зогсохгүй, нийгэмд тулгарсан томоохон сорилтуудыг шийдвэрлэж, НҮБ-ын ТХЗ-ын хэрэгжилтэд томоохон хувь нэмэр оруулах боломж бололцоотойг баталж чаджээ.
WSA-ийн тэргүүн Питер А. Брук “Энэ жил НҮБ-ын гишүүн 100 орны 800 гаруй төслийг хоёр шалгуур үзүүлэлтээр шүүснээр шилдэг 40 шийдлийг сонгон шалгаруулсан. Тухайлбал, ТХЗ-ыг дэмжин ажилласан байдал болон нийгэмд тулгарсан асуудлыг шийдвэрлэсэн байдлыг харгалзан үзлээ. Энэ жилийн ялагчид технологийн ухаалаг шийдлээр ямар их асуудал шийдвэрлэх боломжтойг харуулж чадсанаараа онцлог байсан” хэмээжээ.
“Чимэгэ Системс” компанийг үүсгэн байгуулагч С.Бадрал “Бид олон улсад тулгамдсан томоохон сорилтуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж буй технологийн шилдэг шийдлүүдийн хамт нэр хүндтэй WSA шагналыг хүртэж байгаадаа баяртай байна. Бидний хувьд энэхүү шагнал нь нотолгоонд суурилсан дижитал инновацийн үнэ цэнэ болон нийгэмд үйлчлэгч бизнесүүдийн тогтвортой хөгжил дэх оролцоо болон зориулалтыг хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Чимэгэ нь хиймэл оюун ухаанаар дамжуулан хүмүүсийг орчин үеийн технологитой төрөлх хэлээрээ харилцах холбож өгөх хэл ярианд суурилсан шийдэл юм. Хэл ярианд суурилсан технологи нь робот болон электрон төхөөрөмжийг удирдах, хараа болон сонсголын бэрхшээлтэй хүмүүст туслахаас эхлээд ажиллагаа ихтэй үйлдлүүдийг хялбаршуулдаг. Гэвч одоогийн байдлаар Англи, Испани, Франц тэргүүтэй өндөр хөгжилтэй орны хэл дээр л хөгжүүлэлт хийгдсэн учир хэрэглээ нь хязгаарлагдмал хэвээр байна. Харин Чимэгэ-гийн хувьд бол Монгол хэл болон бусад цөөн хүн амтай улс үндэстний хэлээр ярих боломжтой дэлхийн түвшний бүтээл юм.
Энэхүү хэл яриаг хиймэл оюунаар боловсруулах технологийн суурь шийдэл нь хүний бичсэнийг уншиж, хэлснийг сонсон бичиж, улмаар хүний хэлийг ойлгон харилцан ярьж чадах хүртэл түвшинд хувьсан хөгжжээ.