Ц.Мөнхцэцэг: Үе тэнгийнхний дарамт, дээрэлхэлтийн эсрэг тодорхой заалтуудыг Боловсролын багц хуулиудад оруулна
БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нарын санаачилгаар ЕБС-ийн орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлтийн эсрэг төр, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачдын хамтарсан Ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа билээ. Уг Ажлын хэсгийн ээлжит уулзалт өнөөдөр боллоо.
Ерөнхий боловсролын сурагчид нэгнийгээ дарамтлах, дээрэлхэх, бүлэглэн зодох хэргүүд удаа дараа гарч байгаа ч сургуулийн орчинд ёс зүйн алдаа, дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт гарахаас хамгаалах зохицуулалт манай ЕБС-иудад байхгүй байгаа юм.
ЦЕГ-ын мэдээллээр Монгол Улсад жилдээ 500-605 хүн амиа хорлосон гэсэн мэдээлэл байна. Үүний 25 хувь нь 10-25 насны хооронд хүүхэд, залуучууд байсан бөгөөд амиа хорлоход нөлөөлж буй шалтгааныг тодруулахад үе тэнгийнхний дээрэлхэлт, дарамт байсан байна. Өөрөөр хэлбэл, үе тэнгийнхний дээрэлхэлт өсвөр насныхны амиа хорлолтын гол шалтгаан болж байгаа нь маш ноцтой асуудал хэмээн ажлын хэсгийнхэн үзэж байгаа юм.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хэлэхдээ үе тэнгийнхний дээрэлхэлт нь далд хэлбэрээр, давтагдан даамжирч улмаар хүүхдийг амиа хорлоход хүргэдэг учраас хүүхэд, эцэг эхчүүд, багш нар болон олон нийтийн оролцоо, хамтын ажиллагаа маш чухал гэж үздэг.
Хүчирхийлэл бол хувь хүний төрөлхийн шинж чанар гэхээс илүүтэй гэр бүл, найз нөхөд, сургуулийн орчин, нийгмийн хүчин зүйлсийн нөлөөгөөр бий болж төлөвшдөг хандлага, зан үйл юм. Хэвшмэл зан үйлийг өөрчилж болох ба сөрөг зан үйлийг ч мөн хэвшихээс урьдчилан сэргийлэх боломжтой. Хүчирхийлэл үйлдэхэд нөлөөлдөг хүчин зүйлсийн эсрэг хэдий чинээ үр нөлөөтэй арга хэмжээ авч хэрэгжүүлнэ төдий чинээ тухайн зан үйлийг өөрчилж, улмаар хүчирхийлэл гарахаас урьдчилан сэргийлж болно хэмээн онцоллоо.
Мөн тэрбээр сургууль, дотуур байр, цэцэрлэгийн орчны аюулгүй байдал, үл ялгаварлан гадуурхах, хүчирхийлэл, үе тэнгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын чиглэлээр ахиц дэвшил гаргах, багшийн ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах зэргээр хүүхдийг амжилттай сурахад ээлтэй сургалтын орчин бүрдүүлэх чиглэлээр бодлогын шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй гэлээ.
Олон улсын туршлагаас харахад, сургуулийн орчин дахь дээрэлхэлт, хүчирхийллийн асуудлыг тусгай хуулиар, эсхүл ерөнхий болон бусад хууль тогтоомжийн хүрээнд зохицуулж байна. Тухайлбал, БНСУ, Филиппин, Австри, Швед, Шинэ Зеланд, Австрали, Япон, Финланд зэрэг орнуудад сургуулийн орчин дахь хүүхдийн хүчирхийлэл, дээрэлхэлтийн асуудлыг тусгайлсан хууль, хөтөлбөрийн хүрээнд авч үзэж систем, тогтолцоог бүрдүүлж байгаа бол АНУ, Их британи, Ирланд, Нидерланд, Малави зэрэг орнуудад тусгайлан нэрлэсэн хууль гаргаагүй ч гэлээ сургуулийн орчин дахь дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын эсрэг холбогдох эрх зүйн актууд, хүний эрх, тэгш байдлын тухай хууль зэрэг өргөн хүрээтэй хууль тогтоомжоор зохицуулж систем, тогтолцоо, арга хэрэгслүүдээ маш сайн төлөвлөн нутагшуулж байгаа нь харагдаж байна хэмээн Ц.Мөнхцэцэг гишүүний захиалгаар хийгдсэн Сургуулийн орчин дахь хүүхдийн хүчирхийлэл, дээрэлхэлтийн талаарх Парламентын судалгааны хүрээлэнгийн “Ерөнхий боловсролын сургуулийн ёс зүйн кодекс ба сургуулийн орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлтийн хариу арга хэмжээний талаарх бусад орнуудын туршлага” хэмээх судалгаанд дурьдагджээ.
Хамтарсан ажлын хэсгээс ирэх гуравдугаар сард ЕБС-ийн орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлтийн эсрэг олон нийтийн хэлэлцүүлэг хийж талуудын байр суурийг сонсох юм. Мөн Боловсролын тухай хуулиудад тодорхой зохицуулалт заалтууд оруулах, ЕБС, орон нутгийн захиргааны хамтын ажиллагааны талаарх зөвлөмжүүд гарах юм.