Бага насны хүүхдүүд зорчиж явсан лифт унажээ
Хан-Уул дүүрэгт байрлах Нарны хорооллын 35 а байрны лифт нэг давхраас унаж, давхар хооронд зогсоод гацжээ. Тухайн үед лифтэнд нэг том хүн, бага насны гурван хүүхэд явж байсан бөгөөд бэртэж гэмтээгүй байна. Энэ тухай тухайн иргэнээс тодруулахад:
“Би байрныхаа нэг давхраас лифтэнд гурван хүүхэдтэйгээ хамт суусан. Гэтэл гэнэт доошоо зогсоолын давхар руу чөлөөт уналтаар унасан. Маш их айж балмагдсан. Азаар өндөрт байгаагүй. Өндөр давхарт байсан бол амиа алдаж мэдэх байлаа. Манай байр 23 давхар өндөр. Ингээд дээшээ давхар руугаа дарахад лифт нэг, хоёр давхрын голд ирээд гацчихсан. Лифтний хаалгыг гараараа хөшиж онгойлгоод гурван хүүхдээ түрүүлж гаргаад, өөрөө араас нь гарсан. СӨХ болон холбогдох газрын хүмүүст хэлэхэд цахилгааны гэмтэл байж магадгүй гэж хэлсэн. Сүүлийн үед лифттэй холбоотой харамсалтай хэргүүд гарч байгаа учир дахиад ийм зүйл болох вий гэхээс айж байна” гэв.
Эргэн сануулахад, Нийслэлийн Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны долдугаар давхрын цахилгаан шатны хаалгаар гурван настай хүү долоон давхраас унаж амиа алдсан билээ. Хүүгийн унасан лифтийн чанарын шаардлага хангаагүй, эвдрэлтэй хэвээр гурван жил болсон гэх бөгөөд хариуцсан СӨХ нь лифт засварлах бус үүссэн 100 гаруй сая төгрөгийн өрөө төлсөн гэх тайлбарыг өгөөд байсан.
О.ЦОЛМОН