П.Анужин: Тэтгэвэр тогтоох дараалсан долоон жилийг таван жил болгохоор хуульд тусгалаа
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2023.06.19/-ийн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцаж, хэлэлцэх эсэхийг дэмжлээ.
Энэ талаар Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин “Нийгмийн зүгээс тэтгэвэр тогтоох дараалсан долоон жилийг таван жил болгох саналыг тавьж байгаа. Энэ асуудал хоёр талтай. Иргэдийн зүгээс урт хугацаагаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хүн, мөн огт төлөхгүй байсан хүн сүүлийн таван жилээ өндөр төлөөд өөрт ашигтай байдал үүсгэж байгаа нь “шударга бус байдал үүсэх юм биш үү” гэдэг хоёр талын байр суурийг илэрхийлж байна. Гэхдээ хуулийн гол зорилго бол “шударга зарчимд суурилна” гэж байгаа учраас дараалсан таван жилээр бодохдоо нийгмийн даатгал төлөх дээд таазыг тогтоож өгсөн. Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоо дахин өсгөсөн хувь хэмжээтэй тэнцүү байхаар сайн дураараа даатгуулагч төлөх зэргээр хуулийн хязгаарлалтуудыг хийж өгч байна. Ингээд хуулийн төсөлдөө дараалсан долоон жилийг таван жил болгох хуулийн зүйл заалтыг тусгаж өгч байна” гэв.