ОХУ Финланд руу байгалийн хий экспортлохоо зогсоолоо
ОХУ өнөөдрөөс эхлэн (2022.05.21) Финланд улс руу байгалийн хий экспортлохоо зогсоосон байна. Газпром компани Европын улсуудыг рублиэр байгалийн хийн төлбөрөө хийхийг шаардсан бөгөөд үүнийг мөрдөн дагаагүй хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн билээ.
Финланд улсын байгалийн хийн хэрэглээний ихэнхийг ОХУ нийлүүлдэг байжээ. Харин тус улсын нийт энергийн хэрэглээний зөвхөн 5 хувийг л байгалийн хий эзэлдэг аж. Өмнө сард Польш болон Болгар улсууд рублиэр төлбөрөө хийгээгүй учир ОХУ байгалийн хийн экспортоо зогсоосон. Энэ сарын эхээр Европын Холбоо ОХУ-аас газрын тос худалдан авахаа зогсоох төлөвлөгөө танилцуулсан билээ. Оросоос газрын тос худалдан авахаа зогсоох нь Европын орнуудын хувьд эдийн засгийн “амиа хорлолт” болно гэж хэлсэн байна.
Эх сурвалж: Reuters, DW
Б.БУЯНДОРЖ