“Хүүтэй минь таарсан хүмүүс энэрэнгүй хандаад туслаасай, цагдаад хандаасай л гэж хүсэж байна”

Өнөөдөр /2022.05.26/ 15:00 цагийн орчимд найман настай Э.Дөлгөөн хүү Бөмбөгөр орчмын гэрээсээ алга болсон тухай бид өмнө мэдээлсэн. Хүү өөрийгөө илэрхийлэх чадамжгүй, аутизмтай бөгөөд гэрээсээ удаа дараа төөрч байжээ. Бид хүүгийн ар гэртээ холбогдож, товч тодруулга авлаа.
-Хүү алга болох үед юу болсон бэ?
-Хүүг ах нь хичээлээс нь аваад, эгчийнд байсан юм. Эгчийн гэр бөмбөгөр орчим байдаг. Хашаандаа тоглож байгаад гараад явчихсан байсан. Гарахдаа улаан өнгийн нимгэн цамцтай байсан. Өмнө нь хэд хэдэн удаа төөрч байсан ч, удалгүй олж байсан. Санаа зовоод сууна. Тухайн орчим хяналтын камергүй учир хаашаа явсан баримжаа үнэхээр алга. Хүү нэг замаа мэднэ. Өөр замаар явах л юм бол төөрчихдөг юм.
-Хүү нь ямар сургуульд хамрагддаг вэ?
-Тусгай хэрэгцээт боловсролын сургуульд хамрагддаг. Хүү маань өөрийгөө илэрхийлж, ярьж чадахгүй юм. Одоо ам нь их цангасан байгаа. Ам нь цангасан бол хүний ууж байгаа усыг болон дэлгүүрээс шууд ус аваад л ууна. Их ядарч, яахаа мэдэхгүй байгаа байх.
-Та цагдаагийн байгууллагад хандсан уу?
-Хандсан. Одоогоор мэдээлэлгүй л байна. Хүмүүсээс ч гэсэн мэдээлэл ирээгүй байна. Хүүтэй минь таарсан хүмүүс энэрэнгүй хандаад, туслаасай, цагдаад хандаасай л гэж хамгийн ихээр хүсэж байна даа.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
Э.Дөлгөөн хүү зураг дээрх улаан цамцтайгаа гарсан. Харсан үзсэн хүн байвал 99082873, 88321175, 80112933 дээрх утсаар холбоо барьж тусална уу.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *