Г.Занданшатар: Парк болон бусад газрыг хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төсөл боловсруулна
УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны санаачилгаар нийслэл хотын хөгжлийн бодлого, тохижилт, амралт зугаалга, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн төлөвлөлт зэрэг асуудлаарх хэлэлцүүлэг, уулзалт боллоо.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны санаачилгаар ногоон байгууламжаа нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулж байгаа энэ уулзалтад оролцож байгаадаа баяртай байна. Үндэсний соёл амралтын хүрээлэн бол Улаанбаатар хотын зүрхэнд байдаг цөөхөн цэцэрлэгт хүрээлэнгийн нэг. Хотын дарга тус цэцэрлэгт хүрээлэнг иргэддээ нээлттэй болгож, хашааг буулгаж, ногоон байгууламж байгуулах гэж байгаад баяртай байна. Нийслэлийн 120 сая мод тарих санаачилга бүтнэ гэдэгт итгэлтэй байгаа. УИХ-ын хувьд бүх талаас дэмжиж ажиллах болно. Түр хороо санаачлан хэлэлцэж, УИХ-ын тогтоолын төсөл боловсруулна. Тогтоолын төсөлд Үндэсний соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн болоод бусад газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар тусгаж өгнө. Ингэснээр газрыг зориулалтын бусаар хувьчилдаг байдал арилж, газар хамгаалалтад орох орчин бүрдэнэ. Хотын дарга иргэдэд ээлтэй санаачилга гаргаж байгаад нийслэлийн иргэд дэмжиж байгаа. Улаанбаатараа иргэдэд ээлтэй, ногоон байгууламжтай, ногоон хот болгох их ажилд амжилт хүсье. Үндэсний хүрээлэн маань ногоон байгууламж бүхий ойн төгөл болно гэдэгт итгэлтэй байна. Түр хорооны гишүүд болон нийслэлийн удирдлагуудын гаргасан ногоон санаачилгыг УИХ-ын гишүүд бүрэн дэмжиж ажиллана” хэмээлээ.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР