Далд хэлбэрийн түгшүүрийн эмгэгээр шаналж буй 11 шинж тэмдэг

Түгшүүрийн эмгэг буюу “Anxiety disorder” нь зөвхөн түгшиж сандарснаар илэрч, даруй эмчилгээ авч эдгэдэг төрлийн эмгэг биш билээ.

Ихэнх үед түгшүүрийн эмгэг далд хэлбэрээр оршдог бөгөөд хүний сэтгэл зүйг тогтворгүй болгож, өөртөө болон бусдад итгэх итгэлийг үгүй хийдэг хамгийн хор хөнөөл ихтэй сэтгэл зүйн эмгэг юм. 

Хэрвээ танд энэ 11 шинж тэмдэг сүүлийн 6 сараас урт хугацаанд илрээд байгаа бол мэргэжлийн сэтгэл зүйчид хандан оношлуулж, эмчилгээ авахыг зөвлөж байна. 

1. Тогтмол санаа зовних

Аливаад санаа зовоход шалтаг, шалтгаан нь амархан олдож эсхүл юунд гэдгээ мэдэхгүй ч үргэлж санаагаа чилээж, ямар нэг зүйлд зовних нь түгшүүрийн эмгэгийн хамгийн нийтлэг шинж тэмдэг юм. Хэрвээ энэ шинж тэмдэг танд сүүлийн үед тогтмол мэдрэгддэг болсон бол анхаарлаа аль болох өөр зүйлд удаан хугацаагаар төвлөрүүлж, ном унших, амьсгалын дасгал хийх, кино үзэх зэрэгт цаг гаргаад үзээрэй. 

2. Аливаад амархан бухимдах 

Ямар ч асуудалд нөхцөл байдлыг бодитоор харах чадвар алдагдаж, амархан бухимдах, ууртайгаар хариу үйлдэл үзүүлэх зэрэг нь мөн л хамгийн нийтлэг шинж тэмдэг юм. Түгшүүрийн эмгэгтэй хүмүүс аливаа сөрөг үйл явдалд нэгэнт гутранги ханддаг хандлагатай болчихсон  байдаг тул ийм нөхцөлд эргэн тойронд байгаа хүмүүс чинь таны хариу үйлдлийг хараад танд санаа зовж эсхүл бүр зайгаа барьж ч болох юм. Энэ тохиолдол давтагдах гээд байвал та өөртөө ганцаараа байх цаг олгож, бодох, ус уух, амьсгалаа хураарилах зэргээр тайвшрахыг оролдоорой. 

3. Үргэлж ядарч сульдсан мэдрэмжтэй байх

Түгшүүрийн эмгэг далд байх нөхцөлд та өөрөө ч анзааралгүй маш их дотоод хүчин чадлаа түгшиж, санаа зовоход зориулсан байдаг. Тиймээс та ажлын цагаар үр бүтээлгүй ажиллаж, хичнээн цаг унтсан ч тэр их энерги хаашаа ч юм явж одсон мэт санагдана. Хоол идсэний дараа ч, өглөө сэрсэн даруйд ч өдөржин ажилласан мэт ядарч байна гэдэг түгшүүрийн эмгэгээр зогсохгүй өөр олон сэтгэл зүйн эмгэгтэй нүүр тулж байгааг тань илтгэнэ. Тиймээс заавал мэргэжлийн сэтгэл зүйчид хандаж, амин дэмтэй хоол хүнс хэрэглэж байх хэрэгтэй. 

4. Дарааллан олон удаа эвшээх, үргэлж нойр хүрэх

Дээр дурдсан 3 дахь шинж тэмдэгтэй нэлээд төстэй ч энэ тохиолдолд та хэдэн ч цаг унтсан бай, амралтын өдөр буйдан дээрээ хэвтэж байхдаа ч нойр аваагүй мэт сульдаж, дарааллан олон удаа эвшээлгэх, нүднээс нулимс гарах гэх мэт асуудалтай өдөр шөнөгүй нүүр тулах юм. 

5. Анхаарал төвлөрөл сулрах

Энэ шинж тэмдэг ихэнхдээ түгшүүрийн эмгэгээр зовниж буй өсвөр насныханд илэрдэг. Нийтлэг шинж тэмдэг бөгөөд бүх зүйлд санаа зовж, түгшиж байх үед тархи давхар ажиллаж, аливаа мэдээ мэдээллийг хадгална гэдэг бэрхшээлтэй байдаг тул түгшүүрийн эмгэгт нэрвэгдсэнээс хойш оюутан сурагчдын дүнгийн үзүүлэлт буурах нийтлэг шинж харагддаг байна. 

6. Амархан айж, цочих

Мэдээж оюун ухаан жигд ажиллаж, аливаад төвлөрөх хүч нь суларсан тул гадны дуу чимээ, үйл хөдлөлүүдийг тэр бүр тархинд дамжуулж чаддаггүй. Тиймээс гэнэтийн дуу авиа, хүрэлцлээс цочиж, айх тохиолдол олширдог. Машины сигнал, хэн нэгний нэрийг тань дуудахаас хүртэл цочиж цэрвэх үе бий. Энэ бол үл тоож болохооргүй шинж тэмдгүүдийн нэг билээ. 

7. Нуруу хөшиж, өвдөх

Сэтгэл зүйн эмгэг хүнийг зөвхөн сэтгэл зүйн тал дээр өвтгөдөггүй бөгөөд асуудал гаарах тусам өвдөлт бие махбодод үсэрхийлдэг. Хоол боловсруулах систем болон амны хөндий, элэгний үйл ажиллагаа, тархины нарийн судасны үйл ажиллагаа гээд нөлөөлж болохгүй цэг бараг байддаггүй. Харин түгшүүрийн эмгэгийн хувьд мөр нуруу даган мэдрэгдэх өвдөлтийг үүсгэдэг бөгөөд энэ нь ихэнх өвчтөнгүүд хөдөлгөөний дутагдалд орж, эрч хүчээ алдаж, хооллох дуршлын тогтворгүй байдлын улмаас дархлаа суларсан байдагтай холбоотой. 

8. Түгшүүрийн дайралтад өртөх

Энэ бол тэр бүр хүмүүсийн анзаардаггүй хэрнээ нийтлэг байдаг, түүгээр ч зогсохгүй эмгэг хүндэрсэн байгааг илтгэх шинж тэмдэг юм. Аливаа асуудал гарах үед эсхүл гэнэтийн байдлаар мэдээ сонсоод та сандардаг уу? Хөлөө мэдрэхээ больж, амьсгаа давчдаж, гар хурууны үзүүр чичрэх мэдрэмж авч байсан уу? Анхаарал төвлөрөлт үгүй болж, үзэгдэх орчин холдож, ойртох гэх мэтээр илэрдэг энэ үзэгдэл бол хамгийн нухацтай авч үзэх шаардлагатай шинж тэмдэг юм. 

9. Нийгэмшил, харилцаанаас зугтах

Ихэнх түгшүүрийн эмгэгээр шаналж байгаа хүмүүс өөртөө итгэх итгэлээ алдсан байдаг учраас олон хүний дунд байх, нийгмийн харилцаа үүсгэх зэргээс аль болох татгалзаж эхэлдэг. Нөгөөтэйгүүр ганцаараа байхдаа илүү тухтай болоод эхэлнэ гэсэн үг. Энэ нь түгшүүрийн эмгэгээс цаашлаад антисошиализм буюу нийгмээс тусгаарлагдах эмгэгийн эхлэлийг тавьж өгдөг байна. 

10. Үс, хумс хугарч, унах

Энэ мөн л сэтгэл зүйн эмгэг бие махбодод халдаж байгаагийн илрэл бөгөөд ямар ч үсний уналтын эсрэг шампунь, хумс бэхжүүлэгч хэрэглэсэн нэмэр үзүүлэх нь ховор.

Хэрвээ танд сүүлийн хагас жилийн хугацаанд эдгээр шинж тэмдгүүдийн 3-аас илүү нь тогтмол илэрч байгаа бол заавал мэргэжлийн сэтгэл зүйчид хандан зөвөлгөө авч, өөрийн сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарал тавиарай. 

Эх Сурвалж: www.healthline.com

П. Ундрах

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *