Дарс шиг амттай, бороо шиг гунигтай кабаре шөнө

Улаанбаатар зочид буудал дахь "Зуны шөнийн театр" хажуугаар зөрж өнгөрсөн хэний ч харааг булааж, эрхгүй анхаарлыг татна. Нэрнээсээ л энэ театрт гадаах орчноос өөр амьдрал буцалж байгаа гэх бодлыг төрүүлнэ. Сонирхож сонжсон хэвээр теарт руу орвол нэг ханандаа улаан хөшиг татаж, харин нөгөө ханандаа өнгөлөг арт зургуудыг өлгөжээ. Мөн далайн залхаг бүхий гоёмсог чимэглэл байрлуулсан нь ерөөс энэ театр ямар нэг хэлбэр, дүрэмд баригдаагүй нь илт. Тэртээ 20 жилийн өмнө үзэгчдэд хүрсэн Сорогдогийн Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг” найруулагч М.Батболдын хувилбараар тайзнаа амилсан нь энэ. Жүжгийн урилга нь хүртэл эрвээхий хэлбэрт кабаре бүжгийн маск байх нь хачин гоёхон.

Далайн гэмээр ертөнц жүжгийн том заал руу хөтөлнө. Харин ороод хэсэг гайхаж зогтусав. Хүлээн авалт цэнгүүний өнгө аяс, хуучны сонгодог хийлийн аялгууг мэдэрч хаана суух, жүжгээ хэрхэн үзэх тухай ухаан сийлнэ. Энэ танхим өөрөө жүжгийн тайз байлаа. Тайзан дунд жижиг ширээ, үзэгчдээ суулгах сандлууд бэлдсэн нь хуучинсаг бидэнд хачин. Гэхдээ суудалдаа тухлаад амттай дарсаа шимээд суухад тайз, үзэгч өөрөө нэгэн цул болж жүжиг амилна гэдгийг мэдэрнэ. Учир нь жүжигчид суудалд суугаа үзэгчдийн хажуугаар орж гарч, жүжиглэж, техникийн багийнхний ажил ерөөс далд биш ил явагдана.

Жүжгийг хоосон хүйтэн суудлаас бус жүжигчдийн мэдрэмжээр хөглөгдөн хамтдаа мэдрэх нь хамгийн гоё шийдэл байв. Жүжгийн үеэр гэрэлд асуудал үүсч, техникийн залуу өндөр шатнаас сармагчин адил зүүгдэн, таазан дээр гүйн техник засна. Гэрлийн оч үсрэх, таазан дээр хүн ажиллахыг үзэгчид зүрхээ даран сүрдэж, хамт хүлээнэ. Сая гэрлээ засаж дуусаад эхэлсэн шигээ гүйгээд буухад үзэгчид нэгэн зэрэг алга ташсан нь тайзан дээр болж буй бүхэн бидний нүдэн дээр өрнөснийг гэрчлэх мэт... Тайзан дээр бороо асгарч байх юм. Бороон дусал хажууд оровч, хувцас үл норгоно. Энэ нь ч мөн үзэгчдэд амьд мэдрэмж төрүүлэх, дээр нь тух алдуулахгүй байхад ихэд анхаарсан нь харагдана. Бүжигчин охид, жүжигчдийн дүрийн сонголт гээд маш гайхалтай хослолууд. Шубира, Анка нарт тоглосон Д.Асардарь, Н.Нархажид нар бүсгүй хүний гоо үзэсгэлэнг бүтээсэн дүрээрээ ч, өөрсдөөрөө ч харуулж чадлаа.

Жүжигчин С.Батзоригийн дүр маш өвөрмөц. хошин урлагийн тайзанд хардаг жүжигчнээ дурласан залуу, түүнийхээ төлөө бүхнийг хийхэд бэлэн эр хүний дүрээр харах нь мөн л олон харах тохиол биш болов уу.

Насанд хүрэгчдэд зориулсан сценийг маш цэвэрхэн, садар самуун бус урлагаар дамжуулан олны өмнө маш цэвэрхэн аваад гарав. Энэ үеэр тайз бүхэлдээ цагаан хэрэглэлтэй том ор болоод хувирах нь тэр.

Нэгэн дээвэр дор бороотой, дарстай, хөнгөн гуниг, хөөрсөн сэтгэл, хүсэл тачаал бүгд хуралдаж, “Зуны шөнийн театр”-ыг амилуулж байлаа.

 

Гэрэл зургийг Б.Даваахүү

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *