Альбинос гэж юу вэ? Бидний мэдэхгүй баримтууд
Альбинизм гэдэг нь генетикийн нэгэн төрлийн алдаа бөгөөд ийм хүүхдийн арьс, vс, нүдний меланин пигмент төрөлхийн маш бага учир цайвар цагаан арьс, үс нүдтэй төрдөг байна. Альбинос хүүхэд 17 мянган төрөлт тутамд нэг төрдөг гэсэн тоо бий. Albus буюу латинаар цагаан гэсэн үгнээс энэ нэршил үүсчээ. Ингээд албиносчуудын талаарх зарим баримтыг танд хүргье.
- Альбинос хүмүүсийг генетикийн хувьд oculocutaneous ба ocular гэж хоёр төрөлд хуваадаг. oculocutaneous хүмүүс нь арьс, үс, нүдний пигментийн дутагдалтай байдаг бол ocular нь нүдний асуудалтай байдаг. Иймээс Альбинос хүмүүс ихэвчлэн харааны асуудалтай байдаг бөгөөд муу хардаг хүмүүс олон.
- Мөн наранд хэт эмзэг бөгөөд жирийн хүмүүсээс 2 дахин илүү наранд түлэгдэх магадлалтай. Меланиний дутагдлаас болж сэрүүн өдөр ч гэсэн тэдэнд халтай бөгөөд арьсны хорт хавдраар өвдөх нь элбэг.
- Энэ өвчнийг зөвхөн харуудад тохиолддог гэж эндүүрч болохгүй. Оculocutaneous төрлийн гажиг ихэвчлэн хар арьстай хүмүүст зонхилон тохиолддог ч ийм ази, европ хүмүүс ч бий. Хятад гаралтай альбинос дуучин, загвар өмсөгч бүсгүй ч бий.
- Мэдээж ийм хүмүүс төрсөн цагаасаа л гадуурхагдаж эхэлдэг. Африкт албинос хүүхдүүд ихэвчлэн эцэгтээ гологдож ээжтэйгээ өсдөг гэсэн баримт бий. Мөн ээж аав нь ч ийм хүүхдүүдийг голж хаях нь их бөгөөд сүмд, эсвэл гэрийн мухартаа, гадаа ч гарахгүй бүгэх нь тэдний түгээмэл хувь тавилан
- Танзани улс нь альбинос хүмүүсийн төрөлт хамгийн өндөртэй газар. Энд 1500 төрөлт тутмын нэг нь албинос байдаг .
- Төрөлхийн арьсны пигментийн дутагдлаас болоод ийм хүмүүс арьсны хорт хавдраар өвдөх нь элбэг бөгөөд Танзанийн альбиносуудын 98 хувь нь 40 нас хүрэлгүй арьсны хорт хавдраар нас бардаг аж.
- Альбинос хүмүүстэй холбоотой тэдэнд өөрсдөд ч халтай олон “домог” байдаг. Тухайлбал албинос хүмүүсийн эд эрхтэн, цус, арьс, ясыг ид шидтэй, идвэл баяждаг, өвчин эдгэдэг гэж итгэдэг хүмүүс Малави, Танзани, Мозамбейк улсад их байдаг байна. Иймээс эдгээр улсуудад албинос хүмүүс халдлагад хамгийн ихээр өртөж, гар хуруу, эд эрхтэнийг хамаатан садан, аав ах нь хүртэл тайрч авч худалдах тохиолдол гардаг. 2000 оноос хойш 100 гаруй альбинос бусдын гарт амиа алдсан гэсэн харамсалтай тоо бий.
- Альбинос эмэгтэйтэй унтвал ДОХ-ын вирус эдгэрдэг гэх цуурхлаас болж олон альбинос эмэгтэй хүчирхийлүүлж, дээр нь өвчний халдвар авдаг байна.
- Энэтхэгийн Дели хотод амьдардаг Пулланы гэр бүл дэлхийн хамгийн өнөр альбинос гэр бүл гэж хэлж болно. Тэдний гэр бүлийн 8 гишүүн бүгд албинос бөгөөд гадаад байдлаасаа болж тэд байнга гадуурхагддаг байна. Мөн хараа муутай тул хүүхдүүд нь сургуульд сурч чаддаггүй, удаан наранд байж болохгүй тул ихэвчлэн бүгд гэртээ бүгдэг ажээ.
- Энэ генетикийн гажиг зөвхөн хүнд тохиодог юм биш. Альбинос амьтан бол ургамал ч бий.
- Альбиносуудын энэ эмгэгийг бүрэн эмчлэх эмчилгээ байхгүй. Харааны эмгэгийг мэс заслаар, арьсыг нь арьсны элдэв хамгаалалтын тос зэргээр тус тусад нь эмчлэх л боломжтой.
- Дүгнэж хэлэхэд меланин пигментийн дутагдлаас болж цайвар арьс үстэй, хараа сул, арьс эмзэгээс бусдаар тэд бол бидэнтэй яг л адил хүн. Загвар өмсөгч, дуучин, хөгжимчин, жүжигчин гээд алдартай, авьяас чадалтай олон альбинос хүн дэлхийд бий.