“ЗЭВСЭГТ ХҮЧИН-100 ЖИЛ” үзэсгэлэнг зохион байгуулж байна

“Зэвсэгт хүчин-100 жил” үзэсгэлэн Монгол цэргийн музейд өнөөдрөөс эхлэн 4 дүгээр сарын 15-ныг хүртэл Монгол цэргийн музейн үзэсгэлэнгийн зааланд үзэгч олны хүртээл болж байна.
Уг үзэсгэлэн нь Ардын журамт цэргээс-Монголын ардын арми, Монголын Зэвсэгт хүчин өнөө үе гэсэн үндсэн 2 хэсгээс бүрдэнэ.
1921 оны Ардын журамт цэргээс өнөөгийн Зэвсэгт хүчний дайчид, энхийг сахиулагч нарын түүхэнд холбогдох архивын 100 гаруй баримт, 150 гаруй биет үзмэр, эд өлгийн зүйсийг дэглэн үзүүлэхээс гадна 1200 гаруй гэрэл зураг, баримтат киног орчин үеийн дэвшилтэт техник технологийг ашиглан үзүүлэхийг зорьж буйгаараа онцлог болж байна.
Тус үзэсгэлэнд Монгол цэргийн музей, Монголын Үндэсний музей, Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архив, Батлан хамгаалахын төв архивын сан хөмрөгөөс урьд өмнө үзэгчдийн хүртээл болж байгаагүй ховор түүхэн гэрэл зураг, архивын үнэт баримтууд, Үндэсний музейн сан хөмрөгөөс жанжин Д.Сүхбаатарын дээл, хантааз, отго жинс бүхий малгай, тамганы хайрцаг, Д.Бодоогийн сийлсэн МАН-ын анхны тамга, бийр янтай, өөрийн музейн сан хөмрөгөөс БНМАУ-ыг тунхаглан анхны үндсэн хууль батлагдсан үеэс гарсан анхны загварын одонгууд, “Баатрын алтан таван хошуу” медаль, үе үеийн цэргийн дүрэмт хувцас, буудлагын зэвсгүүд зэрэг түүхэн биет үзмэрийг дэглэж байна.
Энэхүү үзэсгэлэнд мэдрэгчтэй ухаалаг дэлгэц, холограмм төхөөрөмж, ухаалаг зурагт, мэдрэгчтэй яригч, аудио чихэвч, гэрэлт самбар, проектор,VR box, QR код зэргийг ашигласнаар Зэвсэгт хүчний 100 жилийн түүхэнд холбогдох гэрэл зураг, архивын баримтуудыг он дараалалын дагуу олноор байршуулж үзэгчид өөрийн сонголтоор түүхэн цаг үеийн баримт материал, гэрэл зурагтай танилцах боломжийг олгож байгаа нь тус үзэсгэлэнгийн гол онцлог, шинэлэг тал болно.
Халдвар хамгааллын дэглэмийг сахин, иргэдийн биеийн халууныг хэмжин үзэсгэлэнгийн танхим руу оруулж байгаа аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *