СУРВАЛЖИЛГА: Усны цэнхэр сав хортой гэх төөрөгдөл

Орон нутгийнхан төдийгүй Улаанбаатарынхан хамгийн ихээр очдог худалдааны төв бол яах аргагүй “Нарантуул ОУХТ” юм. Өнөөдөр /2022.08.11/ 15:00 цагийн үед ялгаагүй бум бужигнаж байв.

Өдөр орсон хэсэг борооны улмаас шалбааг ихтэй зогсоол хайсан, эсвэл орж, гарах гэсэн машинууд дүүрэн. Зогсоол булаацалдаж хэрүүл уруул хийхгүй байгаа нь нэг бодлын соёлтой санагдана. Эхлээд Баялаг-Ундраа худалдааны төвөөр орлоо. Тус төвийн цагаан идээ зардаг хэсгээс усны цэнхэр саванд айраг, сүү, тараг хийсэн дүр зураг харагдах болов уу гэтэл “орос” гэгдэх цагаан саванд хийсэн байв. Ингээд Нарантуул захын хойно байрлах төмөр, хуванцар сав зардаг хэсэгт очлоо. Хамгийн түрүүнд буусан сэтгэгдэл тийм ч таатай байсангүй. Учир нь 100, 200 литрийн том том цэнхэр, хар өнгийн савууд харагдана. Худалдан авагчид хэдэн литрийнх, ямар үнэтэй болохыг сонирхон асууна. Энэ савыг авъя гэвэл худалдаачид “Мобайлдах уу, картаар уу” гэж хариу асууна. Бэлэн мөнгөөр тооцоо хийж байгааг олж харсангүй. Харин нэг зүйл олж харсан нь цэнхэр том саван дээрх тэмдэглэгээ “2” байх ажээ.

 

“2” HDPE (High Density Poly Ethylene) буюу Өндөр Нягтралтай Полиетиленийг ус, сүү, жимс, иогуртын сав, цайруулах болон угаалгын нунтаг, шампуний сав, гялгар уут, хогийн уут, цэвэр усны хоолой, хүнсний мухлаг болон жижиглэн худалдааны зөөврийн уут, моторын тосны сав, цөцгий болон маргарины сав зэрэгт ашиглахыг олон улсад зөвшөөрдөг байна. Дахин ашиглаж болох бөгөөд хүний эрүүл мэндэд хор хөнөөл бага, байгаль орчинд ээлтэй гэж үздэг. Харин бидний нийтлэг ойлголтод цэнхэр сав гэхээр хортой гээд суучихжээ. Энэ талаар худалдаа эрхлэгч Д.Батсайхан “Оросоос хоёр номертой савууд захиалж оруулж ирдэг. Хүмүүсийн толгойг янз янзаар эргүүлээд байдаг. Энэ чинь тэндээ шалгачхаад орж ирж байгаа. Том савны гэм нь таг нь амархан эвдэрчихдэг юм шиг билээ. Хүмүүс таг байна уу гэж их асуудаг. Би зөвхөн өөрийнхөө зардаг барааг ярьсан шүү, наад цэнхэр, цагаан савууд” гэсэн юм.

 

МХЕГ-аас иргэдэд зөвхөн хүнсний зориулалттай, чанар аюулгүй байдлыг хангасан хуванцар сав хэрэглэхийг зөвлөдөг. Гэтэл цэнхэр усны сав хортой гэх яриа яагаад гарах болсон талаар асуухад “Үндэсний үйлдвэрлэгч нэгэн компаниас л тийм яриа гарсан болов уу” гэв.

Өөр нэг худалдаа эрхлэгч Э.Хонгорзул “Бид нар саваа худалдахдаа хүнсний зориулалттай, химийн бодис хийх зориулалттай сав гэж хэлдэг” гэж ярих зуур нэгэн үйлчлүүлэгч ирээд,

  • Энэ сав хоёр номерынх уу?
  • Тийм. Хүйтэн ус хийх зориулалттай. Таван номер нь халуун ус хийх зориулалттай.
  • Аль нь зузаан бэ?
  • Наад барьж байгаа чинь арай зузаан.
  • Хэдэн төгрөг вэ?
  • 15,000 төгрөг, гэхэд өнөөх үйлчлүүлэгч саваа тавиад цааш явав.

Харин Э.Хонгорзул үргэлжлүүлэн, “Хүмүүс аль нь хүнсний зориулалттай сав бэ гэж асуудаг болчихсон. Гэхдээ зарим нь номерыг нь мэдэхгүй байж худлаа асуудаг” гэлээ.

 

Нарантуул захад зарагдаж байгаа хуванцар савууд ихэнх нь Орос, Хятадаас орж ирдэг байна. Адилхан цэнхэр өнгөтэй ч гэлээ хоёр өөр улсад үйлдвэрлэгдсэн. Түүнээс гадна хар өнгийн савууд Энэтхэгээс даршилсан өргөст хэмхтэй орж ирдэг гэж худалдаа эрхлэгчид ярьж байв. Хар савны гадна талд “fssai” буюу Энэтхэгийн хүнсний аюулгүй байдал, стандартын газар гэсэн наалт наажээ. Англиар бичсэн анхааруулгад, утгачилж орчуулбал хүнсний зүйл хийсэн тохиолдолд ашиглаж болохгүй гэсэн байна. Мөн бусад савнуудад ч  бичиг наасан, тэмдэглэгээтэй харагдана. Тиймээс ус болон хүнсэнд зориулж хуванцар сав авахаар бол саван дээрх наасан бичгийг харж, тэмдэглэгээг нь шалгаж авах нь зөв юм.

АНХААРУУЛГА:  “2” HDPE гэсэн тэмдэглэгээтэй хуванцар саванд ХАЛУУН ЗҮЙЛ ХИЙЖ БОЛОХГҮЙ, НАРАНД УДААН ТАВЬЖ БОЛОХГҮЙ.

Монгол Улсын Ундны усны чанарын мэдээллийн сангаас гаргасан ус хадгалах савны хэрэглээ, зөвлөмжтэй танилцана уу.

 

Э.МИШЭЭЛ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *