Т.Дэлгэрсайхан: Би Ховд аймгийн засаг даргад нэрээ дэвшүүлнэ
Ховд аймгийн ИТХ-ын наймдугаар хуралдаан өнөөдөр /2022.08.26/ болж байна. Уг хуралдаанаар Засаг даргад нэр дэвшүүлсэн МАН-ын тогтоолыг хэлэлцэж буй.
МАН-ын Удирдах зөвлөл Ховд аймгийн Засаг даргаар Монгол Улсын Ерөнхий сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Болормааг томилох саналыг дэмжсэн байна. Харин энэхүү шийдвэрийг Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Н.Ганбат эсэргүүцэж, Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханыг нэр дэвшүүлэх хүсэлтэй байгаагаа уламжилсан.
Энэ талаар Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханаас тодруулахад, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын дархлаа гэж зүйл бий. Энэ утгаараа бид бүхэн 2020 онд 41-үүлээ сонгогдсон. Нутгийн 90 мянган иргэдийн төлөөлөл болж сонгогдсон 41 төлөөлөгч ард түмэндээ дүнгээ тавиулах цаг ирж байна. Би нэрээ татахгүй. Нэрээ дэвшүүлнэ” гэлээ.