Есдүгээр сарын нэгэн ЯЛГАВАРЛАН гадуурхалтын ӨДӨР БИШ
Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэг, сургуулиуд жил бүрийн есдүгээр сарын нэгний өдөр хичээлийн шинэ жилийн нээлтээ хийдэг. Харин Япон улсад дөрөвдүгээр сарын нэгэнд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийдэг аж. Улс орон бүрийн хичээлийн шинэ жил эхлэх өдөр адилгүй байхаас гадна энэ өдөр хийдэг уламжлал ч өөр өөр байдаг гэнэ.
Манай улсын хувьд эл өдөр ялгаварлан гадуурхалтын өдөр болоод удаж байгаа билээ. Жишээ дурдваас эцэг эхчүүд хүүхдийнхээ ангийн багшид чадлынхаа хэрээр тал засаж элдэв бэлэг сэлт, цэцгийн баглаа бэлэглэж аль үнэтэй, сайхан бэлэг өгнө төдий чинээ өөрийнх нь хүүхдэд анхаарал халамж тавина хэмээн горьддог. Угтаа хүүхэд сурган хүмүүжүүлэх үүрэгтэй боловсролын салбарын нүүр царай болсон багш хүн өнгө мөнгөөр айлын үрсэд мэдлэг түгээдэггүй байх.
Эцэг эхчүүдийн амиа бодсон үйлдэл хагас, бүтэн өнчин болон зорилтод бүлгийн хүүхдүүдэд дарамт болохоос цаашгүй. Өдрийн хоолоо яаж шуухан аргалах вэ гэж ургамлын тосоо граммлаж, атар талхаа хувааж авдаг айлын хүүхдүүд багшдаа дарс, цэцэг барьж очоогүйдээ ичиж зогсдог үйлдлийг өнөө цаг үед халах хэрэгтэй.
Түүгээр зогсохгүй нэр бүхий Ерөнхий боловсролын сургууль маргааш /2022.09.01/ хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулж дээл өмсөөрэй гэжээ. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Дээлтэй Монгол нэрийн дор гоё торгон дээлтэй хүүхэд шалгаруулж өргөмжлөл өгөхөө зогсоо захирал, удирдлагуудаа. Хүүхдийг багаас нь дутуугийн зовлон эдлүүлэхээ больцгооё, одоо. Гоё дээлгүй байгаа нь хүүхдийн буруу биш” хэмээсэн байдаг. Гэтэл хичээлийн шинэ жил нэрэн доор дахин хүүхдүүдэд дутуугийн мэдрэмж төрүүлж, эцэг эхчүүдэд дарамт учруулах нь хэр зүйтэй вэ.
Хүүхэд гэхэд ахадсан зовлонг нуруундаа үүрч яваа тэдэнд ялгаварлан гадуурхалт, дутуугийн мэдрэмжийг мэдрүүлдэг эл үйлдэл эцэг эхчүүдтэй шууд хамааралтай юм. Таны хүүхэд юу өмсөх, багшдаа юу бэлэглэх нь таны эрхийн асуудал ч улсын сургуульд сурч байгаа хүүхэд бүр боломжийн амьдралтай, халамжтай эцэг эхтэй биш гэдгийг сануулъя. Хүүхэд бүр Монгол улсын Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу үнэгүй боловсрол эзэмших гэж сургуульд сурдгаас өөрийгөө бусдаас дорой сул байгааг мэдрэх гэж явдаггүй.
Ж.ХАЛИУН