Миний биш “БИДНИЙ ХҮҮХЭД”
Эмэгтэй хүн бие давхар болж, хүүхэдтэй болох нь жам ёсны өгөгдөл. Гэхдээ тэглээ гээд жирэмслэлт дан ганц эмэгтэй хүний үүрэх үүрэг, хариуцлага биш юм.
Монгол улсад жирэмсэн 8 эмэгтэй тутмын нэг нь хүчирхийллээс болж энддэг гэх судалгаа бий. Хүчирхийлэл гэдэг нь гар хүрэхээс гадна эдийн засгийн хүчирхийлэл, үл хайхрах хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл гэх мэт олон төрөл байдаг. Энэ мэт хүчирхийллээс үүдэн эрүүл саруул хорвоод мэндлэх үрээ алддаг гэхээр хайран. Мөн гаднын нөлөөллөөс бус өөртөө анхаарал халамж муутай, эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл дутуугаас болж эндэх ч тохиолдол байдаг байна.
Жишээлбэл эмнэлэгт үзүүлэхээр явахад унааны мөнгөгүй гэх шалтгаанаар эмчийн үзлэгт цаг тухайд нь ороогүй, хөдөө аялж явахдаа мориноос унасан ч тоогоогүй, жирэмсэн байхдаа бэлгэвчгүй бэлгийн харьцаанд орж урагт тэмбүү халдааж амьгүй болгосон гэх мэт эрсдэл гархаас өмнө засах боломжтой зүйлүүд дээр бид өөрсдөө алдаа гаргасаар….
15-19 насны охидууд жирэмслэлтийн үзүүлэлтээрээ толгой цохихоор. Тэд юунд найдав? Нөгөө л нэг “хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ”, “хүн хүнээрээ дутдаг олдож л байвал төрүүл” гэх хуучны үгсээр сэтгэлээ тайвшруулан тогтвортой гэр бүлийн харилцаагүй, мэргэжил боловсролгүй, эдийн засгийн хумигдвал байдалд хүүхдээ тээж байна. Тэднийг буруутгах аргагүй. Эцэст нь охидууд, эмэгтэйчүүд эх хүний үүргээ хүлээгээд үлдэх нь олонтоо.
Улаанбаатар хотод 2020 оны байдлаар 23800 өрх толгойлсон эмэгтэй байна. Тодруулбал, есөн өрх тутмын нэг нь өрх толгойлсон эмэгтэйчүүд байдаг аж. Мөн эдгээр эмэгтэйчүүдийн дийлэнх нь буюу 60 хувь нь ядуу гэсэн судалгаа гарчээ.
Үүрэг хариуцлагаа хамтдаа үүрэлцэж, хүүхдээ хамтдаа өсгөх аавууд нь хаачив? Нөгөө талаар, гэр бүлийн боловсролыг бага, дунд ангиас нь ерөнхий боловсролоор нь дамжуулан олгох зайлшгүй шаардлагатай. Ялангуяа, эрэгтэй хүүхдүүдийн боловсролд маш их анхаарах цаг болсныг өнөөгийн нийгмийн бараг бүхий л гажуудал ойлгуулж байгаа биз ээ. Харин эцэст нь, гэр бүлийн тухай маш сайн хуультай болох ёстой. Гэр бүл салсан ч эд хөрөнгөө хэрхэн хуваах, хэрхэн эцэг, эх хариуцлага хүлээх, хамтран амьдрахад хүртэл хариуцлагатай хүндэтгэлтэй байх асуудлуудыг уг хуулиар зохицуулах учиртай. Жирэмслэлт дан ганц эмэгтэй хүний үүрэх үүрэг хариуцлага биш. Хүүхдээ хамтдаа бүтээлцсэн аавын ч бас үүрэг хариуцлага нэхэгдэх учиртай.
Найз бүсгүйгээ, эхнэрээ жирэмсэн байх хугацаанд шаардлагатай витаминыг авч өгөх, сэтгэл санааг нь тайван байлгах, эмчийн үзлэгт хамтдаа үзүүлж хүүхдийнхээ өсөлт хөгжлийг мэдэх, түүнд юу хэрэгтэй байгааг ойлгох зэрэг зүйлсээс аавыг хариуцлага эхэлдэг. Таны хийж буй эдгээр үйлдэл ирээдүйн хүүхдийн тань хүмүүжлийн 80 хувьд нөлөө үзүүлдэг байна. Хариуцлагатай байх тусам таны хүүхэд зөв хүн болж төлөвших учир гэр бүл төлөвлөлтөд ухаантай хандахыг хүсье.
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?