ХОВД: Нэг иргэн тарваган тахлаар өвчилсөн нь батлагджээ

Энэ сарын 11-ний өдөр Ховд аймгийн Цэцэг сумаас тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ гэх дуудлага ирүүлжээ. Үүний дагуу Зоонозын өвчин судлалын төвийн хариу арга хэмжээний баг Цэцэг суманд очиж, голомтод ажиллаж байна.

Өвчтөн Г-ийн булчирхайн шүүдэст тавьсан тестээр эерэг хариу гарсан. Улмаар иргэн Г-ийн булчирхайн шүүдэс, шулуун гэдэсний арчдас, цэр, цус, хөөмийн арчдас зэрэг сорьцийг авч, Зоонозын өвчин судлалын төвийн лабораторит нян судлалын шинжилгээ хийж  2022 оны есдүгээр сарын 12-ны өдрийн 22:00 цагт фагний ургалтыг харахад тарваган тахал, хуурмаг сүрьеэгийн фагт өртсөн тул  тухайн өвчтөн нь тарваган тахлаар өвчилсөн болох нь  батлагдсан.

Өвчтөн Г-ийн тарвага агнасан Цэцэг сумын  Хужирт  багийн нутаг, Ембүү гэх газарт мэрэгчийн дуудлага 2017, 2018 онд ирж байсан, голомтот нутаг аж. 

Өнөөдрийн байдлаар нэгдүгээр хавьтлын 11 хүнээс илэрсэн тарваган тахал өвчний шинж тэмдэг байхгүй, гэрийн тусгаарлалтад шилжүүлж урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулан ажиллаж байна. Хариу арга хэмжээний баг Цэцэг суманд сургалт сурталчилгаа, голомтын халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байна гэж Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээллээ.

Цэцэг сумаас гарах, орох хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан. Одоогоор сумын орох, гарах 4 цэгт байнгын хяналтын цэг (пост) гаргасан аж.

Цэцэг суманд 1983, 1995, 2020 онд тарваган тахлын хүний өвчлөл гарч байсан. 2020 онд тарваган тахлын хүний өвчлөл гарсан Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн Цахир хад хэмээх газар нь  Монгол Алтайн дэрлэгүүн Мөнххайрханы цурав Бөөрөг-Мянган Угалзатын өр голомтод багтдаг. Уг голомтоос 1983-2022 оны байдлаар нийт тарваган тахлын 26 өсгөвөр, 105 материал нь эерэг заасан гэх судалгаа, мэдээлэл бий.

Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг зоонозын халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *