“Хамар” хочит Т.Ганболдын “гэрлэлтээ хууль бус” гэх маргааныг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзжээ
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар иргэн Х.Янжингаажидын нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Ц.Отгонцэцэгт холбогдох хэргийг хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тус тус гаргасан гомдлын дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдөр буюу өнөөдөр хэлэлцлээ.
Танхимын нийт шүүгчийн хуралдаанаас хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тус тус гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх талаар 4, түүнээс дээш шүүгч санал гаргаагүй, эдгээр гомдол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзэж, уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв.
Энэ талаар иргэн Х.Янжингаажид сошиал хуудаснаа ” Тордайн Ганболдын Дээд шүүхэд ичихгүй “Би гэр бүл байгаагүй” гэж гаргасан гомдлыг хэлэлцэнэ.
Дээрх 3 шалтгаан байна гэвэл Т. Ганболдын хүсэлтийн дагуу Дээд шүүхийн хурал болж дахин шүүх дээр уулзана. Хэрвээ анхан болон давж заалдах шатны шүүх зөв шийдвэр гаргажээ гэвэл Дээд шүүх энэ хэргийг бүр авч хэлэлцэхгүй, өмнөх шийдвэрийг хэвээр үлдээх ажээ.
Хуулиас гадна наад захын морал, этик, ёс зүй, хүн ёсны хандлага гэж нэг юм нийгэмд байдаг. Юу болох нь уу? Харж л байя” хэмээн нийтэлсэн юм.
Сануулахад, иргэн Х.Янжингаажид “Ганболдоос салах өргөдлөө өгмөгц уурлан өс санаж Улсын Бүртгэлийн Ерөнхий газар, түүний архив, ТҮЦ машины лавлагаанаас 2016 онд батлуулсан гэрлэлтийн мэдээллээ устгуулсан байсан” хэмээн мэдээлж, энэ асуудлаар шүүхэд хандан ялалт байгуулсан.
Харин УБЕГ-аас “Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас мэдээллийг устгах ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл, тухайн иргэнтэй холбоотой мэдээлэл Иргэний бүртгэлийн архивт хадгалагдаад үлддэг. Дахин тодотгоод хэлэхэд, иргэдийн мэдээлэл УБЕГ-ын архиваас хэзээ устдаггүй. Нууцын зэрэглэлтэй, төрийн тусгай хяналтад үйл ажиллагаа явуулдаг.
Иргэд гэрлэлтээ бүртгүүлэхдээ шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх ёстой. Ийм бүрдүүлэлт дутуу хийгдсэн буюу зөрчилтэй байвал мэдээлэлд нэмэлт өөрчлөлт оруулж болдог.
Иргэн Т.Ганболд, Х.Янжингаажид нар 2016 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Гэвч иргэн Т.Ганболд гэрлэлтээ хууль бус гэх үндэслэлээр манай байгууллагад гомдол гаргасан.
Тэгэхдээ “Би хэзээ ч өөрийн биеэр гэрлэлт бүртгүүлж байгаагүй” гэж мэдүүлсэн. Энэ гомдлын дагуу Улсын байцаагчийн дүгнэлт гарч, гэрлэлтийг хүчингүй болгосон. Манайх тус гэрлэлтийг хууль бус, хүчин төгөлдөр биш гэж үзсэн” гэх мэдээллийг өгсөн юм.