Нүүрс тээвэрт Хятадууд ноёлж Монгол компаниуд арчигдах уу?
Монгол Улсын Засгийн газар өнгөрөгч дөрөвдүгээр сард хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгуулж даргаар нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг томилсон. Ажлын хэсэг экспортыг нэмэгдүүлэх, нэвтрэн өнгөрөх чадлыг хоёр дахин нэмэгдүүлэхээр Хятадын талтай тохиролцсон юм.
Тухайн үед Гашуунсухайт боомтоор ердийн үед өдөрт 700-800 нүүрс тээврийн автомашин нэвтэрдэг байсан бол БНХАУ-ын талаас Ковид-19 цар тахалтай холбогдуулан халдвар хамгааллын хатуу шаардлага тавьсны улмаас өдөрт ердөө 250 машин гарч нүүрсний тээвэр нэг ёсондоо зогсонги байдалд ороод байсан. Тиймээс хуримтлагдчихаад байгаа нүүрсээ аль болох хурдан хилээр гаргах л чухал байв. Ингэхдээ угаас хүч тэнцвэргүй өрсөлдөөнд ажиллаж ирсэн үндэсний компаниудын өрсөлдөх боломжийг хааж, өрсөлдөөнөөс шахсан шийдвэр ч гарчээ.
Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал “Цагаан хад- Мөнхийн их” компанийн сайжруулсан шороон зам тавих саналыг дэмжсэн тогтоолыг өнгөрөгч есдүгээр сарын 30-нд баталжээ. Нэг ёсондоо энэ тогтоолоороо Хятадуудад өгөөжтэй, монгол компаниудаа өрсөлдөөнөөс хавчсан тогтоол баталчихаж.
Орон нутгийн удирдлагын зүгээс өгч байгаа мэдээллээр Сангийн сайд Б.Жавхлан даргатай Боомтын зөвлөл, Х.Нямбаатар даргатай ажлын хэсгээс “Цагаан хад-Мөнхийн их” компанийг ДЭМЖИХ чиглэл өгсөн аж.
Хятадуудад ээлтэй, монгол компаниудад халтай тогтоолыг сумын Засаг дарга, холбогдох албаныхан судалж, шийдвэрээ эцэслэх аж. Хэрэв энэ тогтоол эцэслэгдвэл зөвхөн “Чалко” компанийн нүүрс тээвэрлэлт л энэ замаар явах нөхцөл үүснэ. Учир нь монголын нүүрс тээвэрлэлтэд давуу эрхтэйгээр оролцдо “Цагаан хад-Мөнхийн их” компани БНХАУ-ын төрийн өмчит “Чалко”-гийн хөрөнгө оруулалттай компани.
Ханбогд сумын ИХТ-ын тогтоолын дагуу “Чалко” өөрийн гэсэн экспортын замтай болж, Монголын нүүрс тээвэрлэлтэд “азаргалах” боломжийг Засгийн газар бодлогоороо дэмжжээ. Үр дүнд нь олон сар хүнд нөхцөлд ажилласан монголын компаниуд дампуурч, хүч тэнцвэргүй өрсөлдөөнөөс арчигдах нөхцөл үүслээ.
Наймдугаар сараас “Чалко” компани өөрсдийн тусгай нүүрс тээвэрлэлтийг эхлүүлснээр өдөрт 30-40 машин нүүрс гаргаж байгаа бол дотоодын компаниуд бөмбөлөгийн зохион байгуулалтад орж ээлжээ хүлээн өдөрт ердөө 2-3 машин нүүрс гаргаж байна.
Ажлын хэсэг өнгөрсөн зургадугаар сард БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Ганцмод боомтын захиргаа, БНХАУ-ын төрийн өмчит “Чалко” компанийн удирдлагуудтай цахим уулзалт хийсэн байдаг. Энэ үеэр БНХАУ-ын төрийн өмчит “Чалко” компанийн зүгээс нүүрс тээврийг нэмэгдүүлж, Гашуунсухайт-Ганцмод боомтод тусгай гарц байгуулах хүсэлт гаргасныг ийнхүү Засгийн газар үг дуугүй дэмжиж, орон нутгийн удирдлагад лүндэн буулгасан нь энэ аж.
Эдийн засгийн хямрал том жижиг аж ахуйн нэгжүүдэд хүндээр тусч буй. Компаниуд ажилтнуудаа цөөлөн, татвар, нийгмийн даатгалын өрөнд дарлуулж, эцэст нь дампуурах сонголтыг хийж байна. Дөнгөн данган амиа аргацааж буй нүүрс тээврийн компаниуд ч зах зээлээс нэг мөр арчигдахад ойрхон. Нөхцөл байдлаа дээрдүүлэх үүрэг хүлээсэн Боомтын зөвлөл, Ажлын хэсэг шийдвэрээ эргэж харахгүй бол дампуурсан компаниуд, амжиргаанаасаа салсан жолооч нарын ширүүн тэмцэлтэй тулж мэдэх нь.
С.ОТГОН