NASA: Дэлхийг сансрын аюулаас аврах туршилт амжилттай болсон
АНУ-ын үндэсний сансар судлалын байгууллага NASA хүн төрөлхтний түүхэнд анхных нь болох астероидын мөргөлтөөс дэлхийг хамгаалах туршилт амжилттай болсныг өчигдөр зарлажээ.
Есдүгээр сарын 26-ны өдөр тус байгууллагын DART (Double Asteroid Redirection Test) хөлөг Диморфос астероидыг мөргөж, хөдөлгөөний чиглэлийг нь өөрчлөх туршилтыг гүйцэтгэсэн юм.
Дэлхийгээс 11 сая километрийн зайтай оршдог Диморфос нь хос астероидын системийн нэг хэсэг бөгөөд өөрөөсөө том Дидимос астероидыг тойрон эргэж байдаг. Мөргөлтийн үр дүнд Диморфос өмнөхөөсөө жижиг тойрог замд шилжиж, Дидимос астероидыг илүү хурдтай тойрон эргэлддэг болсныг NASA мэдээлжээ.
“DART хөлөг Диморфосын Дидимосыг нэг бүтэн тойрох хугацааг 11 цаг 55 минутаас 11 цаг 23 минут болгож богиносголоо” гэж NASA-гийн захирал Билл Нелсон мэдэгдсэн байна. Энэ 32 минут нь NASA-гийн тооцоолж байсан 10 минутаас хол давсан үр дүн болжээ. “NASA энэ гарагийн хамгаалагч болох боломжтойг бид дэлхий дахинд харуулж чадлаа” гэж Нелсон хэлсэн байна.
Диморфос, Дидимосын хослол нь нарыг 2.1 жил тутамд нэг бүтэн тойрдог, дэлхийд шууд аюул учруулаагүй биетүүд юм. Гэхдээ дэлхийг сансрын биет мөргөхөөс хамгаалах “кинетик нөлөө”-ний туршилтыг гүйцэтгэхэд төгс зохицох астероидууд ажээ.
160 метр өргөн буюу Египетийн аварга пирамидын хэмжээтэй, өндөг хэлбэртэй Диморфос астероидыг энгийн хөргөгчийн хэмжээтэй DART хөлөг цагт 23,500 км-ийн хурдаар мөргөж, хөдөлгөөнд нь өөрчлөлт оруулж чадсан юм.
Тухайн үед мөргөлтийг дэлхийгээс болон сансрын гүнээс телескопуудаар ажиглаж байсан ч туршилтын үр дүнг тооцоолж гаргахад хоёр долоо хоног орчим хугацаа зарцуулжээ.
Нарны системд олон тэрбум астероид, солир зэрэг биетүүд тэнүүчилж байдаг. Гэхдээ ойрын зуун жилийн хугацаанд тэдний аль нь ч дэлхийд аюул учруулахгүй гэж судлаачид үздэг байна.
Гэвч алс хэтдээ ийм аюул учрах магадлал өндөр хэвээр байгаа. Хамгийн сүүлд 66 сая жилийн өмнө 9.6 км өргөнтэй астероид дэлхийтэй мөргөлдөхөд үлэг гүрвэлийн ертөнц, тухайн үед байсан бүх амьтны төрөл зүйлийн 75 хувьтай хамт сүйрсэн гэж үздэг. Диморфосын хэмжээтэй астероид дэлхийтэй мөргөлдвөл зөвхөн бүс нутгийн хүрээний гамшиг үүсгэх юм байна.
Сансрын биетэд “кинетик нөлөө” үзүүлэх нь дэлхийг хамгаалах олон аргуудын зөвхөн нэг нь боловч одоогийн технологийн хөгжлийн түвшинд хүн төрөлхтний хийж чадах цорын ганц арга юм. Өөр нэг ирээдүйтэй арга нь астероидыг дэлхийгээс хангалттай алс байхад нь цөмийн бөмбөгөөр устгах буюу чиглэлийг нь өөрчлөх юм байна.
Эх сурвалж: AFP
Б:БУЯНДОРЖ