С.Одонтуяа: Хуульч байлцуулахгүйгээр мэдүүлэг авдаг байдал Монгол улсад хэвшмэл болсон байна

Шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорьж, дарамталж, айлган сүрдүүлж хэрэг хүлээлгэдэг талаарх асуудлаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа мэдээлэл хийлээ.

Тэрээр “10 дугаар сарын 3-наас 10-ны өдрүүдэд НҮБ-ийн Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсэг манай улсад ажилласан. Энэ ажлын хэсгийн дүгнэлт маш ноцтой байсан. Тухайлбал, шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорих асуудал жирийн үзэгдэл болсон байна гэх дүгнэлт хийсэн. Түүнчлэн хуульч байлцуулахгүйгээр мэдүүлэг авдаг байдал ч хэвшмэл болсон байна. Мөн хүний эрхийн хамгаалагчдын хууль ёсны ажилд саад учруулах, тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх цуглаан, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хязгаарлагдахад анхаарал хандуулахгүй бол маш ноцтой байдал үүссэн байна гэж дүгнэсэн байна.

2020 онд нийт баривчлах ажиллагааны 99.3 хувь нь, 2021 онд 98.3 хувь нь ямар ч шүүхийн шийдвэргүйгээр хийгдсэн байна гэх дүгнэлтийг НҮБ-ийн шинжээчид хийсэн. Мөн мөрдөн байцаагч, прокурор нарын хянан шийдвэрлэсэн хэргийнх нь тоогоор өрсөлдүүлж, сар бүрийн эцэст ялагчийг нь тодруулж урамшуулдаг болох нь тогтоогдсон байна. Мөн цар тахлын үед бүх арга хэмжээг Ковид19 халдвараар далимдуулж хязгаарласан байна. Тиймээс ХЗДХ-ийн сайдад энэ санал дүгнэлттэй хэр санал нийлж байгаа эсэх асуулга явуулж байгаа. Хэрэв санал нийлж байгаа бол яаралтай засварлах хэрэгтэй. 2023 оны есдүгээр сард энэ дүгнэлтийг НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөлийн 94 дүгээр чуулган дээр хэлэлцэх юм билээ. Хэрэв тус чуулган дээр яг энэ байдлаар нь хэлэлцэх юм бол Монгол Улс дэлхийд шившиг болно. Маш олон үзүүлэлт дээр ухарна. Тиймээс энэ асуудлыг онцгой анхаарах хэрэгтэй. Түүнчлэн хүний эрхийг хангаж, хамгаалах тал дээр ямар арга хэмжээ авч, ажил ажиллах гэж байгаа талаараа УИХ-д яаралтай тайлагна гэдэг шаардлага хүргүүлж байна. Шаардлагатай тохиолдолд бид Хүний эрхийн дэд хороог хуралдуулах боломжтой болно. 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үеийн хор уршгийн өнөө хүртэл бүрэн арилгаж чадаагүй байгаа. Тиймээс хүний эрхийн асуудалдаа онцгой анхаарах шаардлагатай байгаа.

Мөн УИХ-ын гишүүнийхээ хувьд, Монгол Улсын бүх хууль тогтоомжид хүний эрхийг дээдлэх чиглэлээр ямар зүйл заалт дутуу байгаа талаарх нэмэлт өөрчлөлтийг өргөн барихаар бэлтгэж байгаа” гэв .

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *