Польш улс ОХУ-тай залгаа хилээ хашиж эхэлжээ
Польш улс ОХУ-ын Калининград мужтай хил залгадаг. Калининград нь ОХУ-ын үндсэн газар нутгаас хуурай газар болон тэнгисээр тусгаарлагдсан муж юм.
Тэгвэл энэ мужтай залгадаг 210 км урт хилийн шугамын дагуу хаалт хана босгох ажлыг эхлүүлж байгаагаа Польшийн батлан хамгаалахын сайд Мариуш Блащак өчигдөр мэдэгджээ.
Өчигдрөөс хаалт босгох бэлтгэл ажлыг Польшийн армийн цэргүүд гүйцэтгэж эхэлсэн байна. Төлөвлөгөөний дагуу 2023 оны сүүлээр энэ ажил дуусах гэнэ.
Саяхан Оросын иргэний нислэгийг удирдах газар Ойрх Дорнод, Умард Африкийн орнуудаас Калининградын чиглэлд шууд нислэг үйлдэж эхлэх шийдвэр гаргасан юм.
Энэ нь Польшийн хилээр хууль бус дүрвэгсдийн урсгал үүсгэх зорилготой алхам байж болзошгүй гэсэн сэжиг Варшавын эрх баригчдын санааг зовоож эхэлжээ.
Тиймээс аюулгүй байдлаа хангах үүднээс хилийн дагуу хаалт босгох ажлыг эхлүүлснээ Блащак тайлбарласан байна.
Одоогоор хилийн энэ хэсэгт ямар нэг хаалт хориг байдаггүй, зөвхөн харуулын цэргүүд тогтмол эргүүлийн үүрэг гүйцэтгэдэг гэнэ.
Өнгөрсөн онд Польш, Беларусийн хилээр олон тооны дүрвэгчид хууль бусаар нэвтрэх оролдлого гаргасан нь томоохон хямрал үүсгэж байв. Энэ явдлын дараа Польш улс Беларусьтай залгаа хилийн дагуу хаалт босгож эхэлсэн нь энэ оны зургаадугаар сард дууссан юм.
Тухайн үед Польш болон Европын Холбооны удирдлагууд хямрал үүсгэх зорилгоор дүрвэгсдийн урсгалыг зориуд зохион байгуулсан гэж Беларусийн засгийн газрыг буруутгаж байжээ.
Эх сурвалж: Ikon,mn