Мэрайя Кэригийн “Зул сарын хатан хаан” болох мөрөөдөл бүтэлгүйтэв
Америкийн поп од Мэрайя Кэри “Зул сарын хатан хаан” өргөмжлөлийг өөрийн брэнд болгож өмчлөх хүсэлт гаргасанд АНУ-ын Патент, Барааны тэмдэгтийн Газар татгалзсан хариу өгчээ.Хэрвээ хүсэлтийг хэлэлцэх хугацаанд өөр нэг этгээд маргаан үүсгэж, түүнийг нь хүсэлт гаргагч няцааж чадаагүй бол татгалздаг журамтай.
Мэрайя Кэригийн “All I Want for Christmas is You” дуу 1994 онд гарснаасаа хойш жил бүрийн Зул сарын баяраар эгшиглэдэг сүлд дуу болсон үндэслэлээр ийм хүсэлт гаргажээ .Гэвч энэ оны наймдугаар сард Элизабет Чан гэх өөр нэг дуучин тус өргөмжлөлийг Кэри ганцаараа өмчлөх ёсгүй гэсэн үндэслэлээр маргаан үүсгэн цуцалж байжээ.
“Миний бодлоор Зул сарын баярыг хэн нэгэн өөрийн өмч болгож болохгүй. Зул сар бол бүгдэд хамаатай, дундаа хуваалцдаг баяр. Кэри энэ баяртай холбоотой бүх зүйлийг өмчлөх санаатай байна” гэж Элизабет Чан хэвлэлд ярьсан байна.
Юутай ч зул сар дөхөхтэй зэрэгцэн Мэрайя Кэригийн дуу хаа сайгүй эгшиглэдэг нь уламжлал болоод удаж байгаа билээ.
Эх сурвалж: BBC