Д.Сумъяабазар: Улаанбаатар эдийн засгийн хувьд биеэ даасан, хөрөнгийн эх үүсвэртэй байж хөгжинө
НИТХ-ын ээлжит хуралдаанаар Нийслэлийн 2023 оны төсвийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийгээд буй. Төсвийн төслийн талаар болон бусад асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазараас зарим зүйлийг тодрууллаа.
-Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа. Ирэх жилийн төсвийн төслөөс юуг онцлох вэ?
-2023 оны нийслэлийн төсвийн төслийн хувьд эх үүсвэр хомс байгааг онцолмоор байна. Тухайлбал, 2021 оны тавдугаар сард Засгийн газрын 146-р тогтоолоор нийслэл Улаанбаатар хотод төвлөрүүлж байгаа 420 тэрбум төгрөгийн орлогыг бууруулахгүйгээр ирэх онуудад буюу 2022-2024 онд хөрөнгө оруулалт хэлбэрээр нь дэмжихээр шийдвэрлэсэн. Гэтэл эдийн засаг хүндэрсэн, орон нутгийн нөхцөл сайнгүй, шинээр хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа зэрэг шалтгаанаар дээрх шийдвэр хэрэгжих боломжгүй болж, эсрэгээрээ төвлөрүүлэх орлогын хэмжээг 540.7 тэрбум төгрөг болгон Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Үүнийг Төсвийн байнгын хороон дээр 52.7 тэрбум төгрөгөөр нэмж, нийт 593.4 тэрбум төгрөгийг нийслэлээс улсын төсөвт төвлөрүүлэхээр 2023 оны төсвийн тухай хуулийг баталсан. Товчхондоо, хотын төвлөрүүлэх орлогын хэмжээ эрс нэмэгдээд, нийслэлийн нуруун дээр хэт их ачаа ирж байгаа гэсэн үг л дээ.
-Тэгэхээр үүнийг шийдэх ямар арга зам байна вэ?
-Үүнийг шийдэх, 1.6 сая хүний ая тухтай, аюулгүй аж төрөх нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, нийгмийн урсгалыг зохицуулахын тулд нэн түрүүнд хот өөрөө онцгой статустай байх ёстой. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарын эдийн засгийг 21 аймгийнхтай жиших боломжгүй. Асуудлууд нь өөр, шийдлүүд нь өөр, хамрах хүрээ нь бас өөр. Тэгэхээр нийслэл эдийн засгийн хувьд биеэ даасан, хөрөнгийн эх үүсвэртэй байж бид өнөөгийн асуудлуудаа шийднэ, цаашид дэлхийн бусад хот шиг хөгжинө.
-Төсвийн төслийг хэлэлцэх үед Улаанбаатарын өр төлбөрийг асуудлыг ч хөндсөн. Та энэ асуудлыг юу гэж харж байна вэ?
-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд шийдээгүй, бас шинээр гарч ирсэн олон асуудал ужгираад өнөөг хүрлээ. Энэ хугацаанд хуримтлагдсан хоёр их наяд төгрөгийн өр төлбөр ч байна. Гэхдээ өнгөрсөн хугацаанд энэ өр төлбөрийг хэрхэн барагдуулах вэ, яаж зохицуулах вэ гэдэг дээр санаачилга байсангүй. Нийслэлийн Засаг даргын ажлыг аваад энэ тал дээр хэрхэн зөв менежмент хийх вэ гэдэгт төвлөрсөн. Тухайлбал, өрийн менежментийн тасаг байгуулаад Азийн хөгжлийн банк, Дэлхийн банктай зөвлөлдөж байна. Урт хугацаатай, хүү багатай зээлийн хугацааг сунгах, өрийг ухаалгаар менежмент хийх шийдлүүд бол бий.
-Хотод тулгамдаад байгаа асуудлаар жишээ авъя. Тухайлбал, түгжрэлтэй холбоотой асуудлыг ямар байдлаар шийдэхээр төсвийн төсөлд тусгасан бэ?
-Түгжрэлийг бууруулах асуудлын хүрээнд 77 удаагийн багц арга хэмжээг хэлэлцээд, эхнээс нь санхүүжүүлээд явж байна. Үүнд дотор дижитал шийдлүүд, замын уулзварыг өргөтгөх, шинээр зам барих, гүүрэн байгууламж, автобусны парк шинэчлэл, гэрлэн дохионы зохицуулалт гээд олон шийдэл орж байгаа. 45 аж ахуйн нэгж одоогийн байдлаар хөрөнгө оруулалт хэлбэрээр ажиллаад, зарим нь урьдчилгаа санхүүжилтээ аваагүй явж байна. Тэгэхээр бид энэ ажлуудаа үргэлжлүүлэх, хотын асуудлыг шийдэхэд гар бие оролцож байгаа аж ахуйн нэгжүүдтэй цаашид ч хамтраад ажиллах ёстой. Ингэхийн тулд хотод хөрөнгийн нэмэлт үүсвэр зайлшгүй шаардлагатай. Үүнийг төсвийн төсөлдөө тусгаад, шат дараатай ажил хийхээр төлөвлөж байна.
-Ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах “Эрдэнэс Баянбогд” гээд компанийг байгуулсан нь үүнтэй холбоотой байх?
-Тийм. Эдийн засаг хүнд, инфляц өндөр энэ үед бид татвар нэмэх боломжгүй, цаг үе нь биш. Тиймээс нэмэлт эх үүсвэр бий болгохоор 2018 оноос эхэлсэн “Эрдэнэс Баянбогд”-ын төслийг хөдөлгөөд, шийдвэрүүд нь үе шаттай гараад явж байна. Цаашид бид хайгуулын сонгон шалгаруулалтыг зарлаад, нөөцөө тогтоогоод, үйл ажиллагааг нь жигдлээд эдийн засгийн эргэлтэд оруулах ажлуудыг хийнэ. Энэ төсөл эдийн засгийн эргэлтэд орохоор яг одоо тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэх, бүтээн байгуулалтыг хийхэд том нөлөө үзүүлнэ.
Улаанбаатарын түгжрэлийг бууруулах бүтээн байгуулалт гэхэд хотын тойрог зам байна. Зургаан эгнээ, 71.5 км тойрог замтай болсноор зөвхөн түгжрэлийг бууруулаад зогсохгүй гэр хорооллын газар эргэлтэд орно, суурьшлын шинэ бүс бий болно, худалдаа, үйлчилгээний газрууд нээгдэнэ зэргээр хотын оршин суугчдад хүрэх эерэг нөлөө олон байна. Үүнийг заавал хийх ёстой.
Түгжрэлийг бууруулахын тулд бид нийтийн тээврээ төрөлжүүлж, солонгоруулах зайлшгүй шаардлагатай. ТЭЗҮ-ийг нь хийчихсэн, судалгаа тооцоог нь гаргачихсан LRT төслийг хөдөлгөх боломжтой.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР