Шинэ шийдэл бүхий оюутны дотуур байрны нэг өрөөнд хоёр оюутан амьдарна
Шинэ шийдэл бүхий оюутны оюутны дотуур байрны төслийн шийдэлтэй Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцаж дэмжсэн талаар салбарын яамнаас мэдээлжээ. Энэ төслийн хүрээнд ирэх хичээлийн жилээс эхний ээлжид Өмнөговь аймгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн багш болон оюутнуудыг шинэ шийдэл бүхий оюутны дотуур байртай болгох аж.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлснээр, “Өнөөдрийн байдлаар их, дээд сургуулийн 71 оюутны байранд 4772 оюутан амьдардаг. Энэ нь нийт оюутны таван хувь нь дотуур байранд амьдардаг үзүүлэлт юм. Эдгээрээс 65 хувь нь эмэгтэй оюутнууд байдаг. Шинэ шийдэл бүхий дотуур байрны нэг өрөөнд хоёр оюутан амьдарна. Ариун цэврийн өрөө дотроо байрлах бөгөөд тавилга, хувцасны шүүгээ, ширээ сандал, ор бүгд нэг загвараар байхаар гүйцэтгэгч байгууллага шийдвэрлэнэ. Барилгын хийцийн хувьд улирал хамаарахгүй гүйцэтгэл хийх 100 хувь боломжтой юм. Энэ төслийг зөвхөн Улаанбаатар хот гэлтгүй орон нутгийн дотуур байр, мэргэжлийн боловсролын сургуулиудын дотуур байруудад хэрэгжүүлэх боломж байна” гэжээ.
Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Их, дээд сургуулийн хөрөнгийн менежментийн төвийн захирал П. Лхагвасүрэнгээс тодрууллаа. Тэрбээр “Ирэх хичээлийн жилээс Өмнөговь аймгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн багш болон оюутнуудыг шинэ шийдэл бүхий оюутны дотуур байртай болгоно. Энэ төслийг цаашлаад Дархан, Эрдэнэт, Ховд зэрэг аймгуудын мэргэжлийн боловсролын сургуулиудын дотуур байруудад хэрэгжүүлнэ. Одоогоор Улаанбаатарын сургуулиудын дотуур байранд хэрэгжүүлэх боломжгүй” гэлээ.