А.Хишигдалай: Ерөнхийлөгчийг дэмжиж итгэсэн нь үнэн одоо бол ичиж үхэж байна
Сүхбаатарын талбайд иргэд “Нүүрсний хулгайчдын нэрсийг зарла” хэмээн Засгийн газраас шаардаж гурав дахь өдрөө эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна. Тэд өглөөнөөс үдшийн бүрий болтол хахир хүйтэнд хоолойгоо хаттал орилж, тэмцэл өрнүүлсээр. Харин олны танил, олон дагагчтай гэх хүмүүс нам жим байгаад иргэд бухимдалтай байгаа юм. Эл асуудалтай холбогдуулан Ерөнхийлөгчийн сонгуулийн ажилд оролцож, сурталчилж байсан олны танил эрхмүүдийн нэр ч сөхөгдөж эхлэв.
Энэ талаар дуучин А.Хишигдалай, “Надтай адилхан дэмжиж байсан итгэж байсан олон хүмүүсийн итгэл шалаар нэг болов. Би дэмжиж итгэсэн нь үнэн одоо бол ичиж үхэж байна. Гараад алаад өгнө гэж бодсон. Бидний төлөө аав хүн шиг ганц удаа зоригтой шийдвэр гаргаад ард түмнээ авраач гэж гуймаар байна. Ард иргэд туйлдаа хүрч зүдэрч байна. Өөрт чинь итгэж дэмжсэн мянга мянган хүний төлөө эцсийн хүчээ шавхаад нэг үзээч” хэмээн нийтэлжээ.