Владимир Путин Беларусь улсад айлчиллаа
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт Беларусийн нийслэлд хүрэлцэн очиж тус улсын Ерөнхийлөгч Александр Лукашенкотой уулзлаа. Энэ нь Путины хувьд 2019 оноос хойш Беларусьт хийж буй анхны айлчлал юм. Харин энэ онд Лукашенко долоон удаа ОХУ-д очиж Путинтэй уулзсан.
Хоёр улсын төрийн тэргүүнүүд Минск хотод 3 цаг орчим үргэлжилсэн уулзалтаараа эрчим хүчний үнэтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн гэжээ.
ОХУ Беларусьт газрын тос, байгалийн хийг маш таатай, хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлдэг гэдгээ Путин дурдаж, эрчим хүчний салбарын үнэ тогтоох асуудлаар зөвшилцөлд хүрсэн гэжээ. Гэхдээ үнэтэй холбоотой тоог дурдаагүй байна. 2020 онд хоёр улсын хооронд Оросын газрын тосны үнэтэй холбоотой маргаан үүсэж Орос Берарусьт нефть нийлүүлэхээ зогсоож байсан удаатай.
Түүнчлэн хоёр улс цэргийн хамтарсан сургуулилалтаа цаашид үргэлжлүүлж, цэргийн шинэ техник хамтран бүтээхээр тохиролцон, ирэх онд беларусийн сансрын нисэгчийг Олон улсын сансрын станц руу илгээхээр төлөвлөсэн гэж Владимир Путин уулзалтын дараа хийсэн хэвлэлийн хурал дээр хэлжээ.
Барууны зарим шинжээчид Путины айлчлалыг Украины дайнд Беларусийг татан оролцуулах зорилготой байж болзошгүй гэж таамаглаж байсан. Харин үүнийг Москва эрс няцааж ямар ч үндэслэлгүй тэнэг таамаг гэдгийг айлчлалын өмнө мэдэгдэж байсан.