|

Тайвань цэргийн алба хаах хугацаагаа сунгана

Тайванийн эрх баригчид цэргийн алба хаах хугацаагаа одоогийн дөрвөн сараас нэг жил болгон сунгах гэж байгаагаа өчигдөр зарлажээ.

Энэ нь БНХАУ-ын зүгээс тус арлыг эзлэн түрэмгийлэх аюул занал улам бүр нэмэгдэж байгаатай холбоотой арга хэмжээ гэнэ. Бээжингийн эрх баригчид Тайванийг өөрийн газар нутгийн салшгүй нэг хэсэг гэж үздэг бөгөөд зэр зэвсгийн хүчээр нэгтгэх боломжийг үгүйсгэдэггүй.

Тайваньд Хятадын түрэмгийллээс болгоомжлох явдал ерөнхийлөгч Ши Жиньпиний засаглалын үед эрс нэмэгдсэн юм. Мөн Орос улс Украинд халдан довтолсон явдал энэ болгоомжлолыг улам гүнзгийрүүлээд байгаа.

Тайванийн ерөнхийлөгч Цай Ин Вэн “Энх тайван тэнгэрээс унаад ирдэг зүйл биш. Тайвань одоо авторитар дэглэмийн тэлэлтийн тэргүүн шугамд байрлаж байна” гэж шийдвэрээ танилцуулахдаа мэдэгджээ.

Дэлхийд томд орох, хүчирхэг армитай Хятад улсын түрэмгийллээс сэргийлэхэд Тайванийн батлан хамгаалах чадвар хүрэхгүй тул АНУ зэрэг хөгжингүй орнуудын арга туршлагаас суралцах, нэвтрүүлэх шаардлагатай байгааг Цай Ин Вэн энэ үеэр хэлсэн байна.

1990-ээд оныг хүртэл Тайванийн 18 нас хүрсэн бүх эрчүүд гурван жил хүртэл цэргийн хугацаат алба хаах үүрэгтэй байжээ. Өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд үүнийг нэг жил, 10 сар болгон богиносгосоор хамгийн сүүлд дөрвөн сар болгосон байна.

Харин 2024 оны нэгдүгээр сараас цэргийн алба хаах хугацаа нэг жил болж сунгагдахаар болжээ.

“Энэ бол маш хэцүү шийдвэр.  Гэхдээ ерөнхийлөгчийн хувьд, зэвсэгт хүчний командлагчийн хувьд үндэсний эрх ашиг, ардчилсан тогтолцоогоо хамгаалахын тулд ингэхээс өөр арга алга” гэж Цай Ин Вэн өчигдөр тайлбарласан юм.

Тэрбээр цааш нь “Тайвань болон Тайванийн ард иргэдийн хэн нь ч дайныг хүсээгүй. Олон улсын хамтын нийгэмлэг ч тэр. Гэхдээ наймдугаар сард болсон цэргийн сургуулилалтын дараа Хятадын цэргийн түрэмгийлэл улам бүр тодорхой болсон” гэж ярьжээ.

АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси тус аралд гэнэтийн айлчлал хийсний дараа Тайванийн хоолойн зөрчил эрчимжсэн юм.

Арваннэгдүгээр сард АНУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нар Индонез улсад болсон Их 20-ын чуулганы үеэр анх удаа биечлэн уулзахдаа Тайванийн асуудлыг хөндөж байв. Уулзалтын дараа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “Хятад улс Тайваньд халдан довтолно гэдэгт итгэхгүй байгаа”-гаа мэдэгдэж байжээ.

Харин Даваа гарагт Хятадын армийн 71 нисэх онгоц Тайванийн агаарын хяналтын бүсэд нэвтэрсэн нь ийм төрлийн хамгийн том өдөөн хатгалга болсныг Тайпэйн эрх баригчид мэдээлсэн юм.

Эх сурвалж: BBC

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *