Дайн эхэлснээс хойш ОХУ Украинд нэг өдрийн доторх хамгийн их цохилт өгчээ
ОХУ өчигдөр Украины нутаг дэвсгэрт 69 удаа пуужингаар харвасан нь дайн эхэлснээс хойш нэг өдрийн доторх хамгийн их бөмбөгдөлтөд тооцогдлоо. Оросын харвасан пуужингийн 54-ийг нь Украины агаараас хамгаалах систем амдан устгаж чадсан гэжээ.
Үүний өмнө Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Михаило Подоляк иргэний дэд бүтэц Оросын 120 орчим пуужингийн цохилтод өртсөн гэж мэдээлж байсан. ОХУ Украины чухал дэд бүтцийг устгаж, энгийн иргэдийг үй олноор нь хөнөөхийг зорьж байна гэж тэрээр мэдэгдэлдээ дурдсан юм.
Киев хотод өгсөн агаарын цохилтод гурван хүн шархадсаны нэг нь 14 настай охин юм байна.
Таван цаг үргэлжилсэн агаарын цохилтод Украины Киев, Одесса, Харьков, Житомир, Львов зэрэг олон хот өртжээ. Ингэхдээ ОХУ агаараас болон Хар тэнгис дэх цэргийн онгоцноос Украины олон чиглэлд нэгэн зэрэг пуужингаар харвасан гэжээ. Пүрэв гарагт Львов хотын 90 хувь нь, Киев хотын 40 хувь нь гэрэл цахилгаангүй болсон байна.