ЦАГ АГААР: Нэгдүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна
Цаг уурын байгууллагаас 2023 оны нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан тойм мэдээллийг гаргажээ. Энэ оны нэгдүгээр сард олон жилийн дунджаас хүйтэн байх төлөв гарсан байна.
Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг билээ.
УУР АМЬСГАЛЫН ТОЙМ
Нэгдүгээр сарын агаарын температурын ОЖД нь Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар -24…-30 хэм, Увс нуур, Дархадын хотгороор -30…-34 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар -12…-18 хэм, бусад нутгаар -18…-24 хэм хүйтэн байдаг байна. Нэгдүгээр сарын агаарын дундаж температурын олон жилийн явцаас үзвэл 2015 оны 1 дүгээр сард нийт нутгаар ОЖД-аас 1-8 хэмээр дулаан байсан. Энэ нь 1979 оноос хойших хамгийн дулаан 1 дүгээр сар байсан. Харин 2011 оны 1 дүгээр сард нийт нутгаар ОЖД-аас 1-9 хэмээр хүйтэн байсан нь хамгийн хүйтэн 1 дүгээр сард тооцогджээ.
Нэгдүгээр сард агаарын хамгийн бага температур 1980-2020 оны дунджаар Увс нуур, Дархадын хотгороор 25-29 хоног, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө, Туул голын хөндийгөөр 20–24 хоног, говь талын нутгаар 1-8 хоног, бусад нутгаар 9-19 хоногт нь агаарын хамгийн бага температур -30 хэмээс бага байдаг.
Сарын нийлбэр хур тунадас Хангайн нурууны төгсгөл, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар 2-4 мм, бусад нутгаар 0-2 мм ордог. Зарим жил ОЖД-аас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол байдаг. Тухайлбал, 1987 болон 2010 оны 1 дүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон нь хамгийн их тунадастай 1 сар болжээ. Харин 1993, 2020 онуудын 1 дүгээр сард харьцангуй бага хур тунадастай байснаар 1979 оноос хойших хамгийн бага тунадастай 1 сар болсон байна.
Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.
Баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул)
Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)
Баруун аймгуудын нутгаар. Агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас хүйтэн , хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур ОЖД-аас бага зэрэг дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр температур өмнөх үеэсээ хүйтэрнэ. Арав хоногуудын эхэн үеэр ихэнх нутгаар цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 10-12 м/с, зарим үед түр зуур 14-16 м/с хүрч ширүүсэж болзошгүй.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас хүйтэн, хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур ОЖД-аас 4-6 хэмээр хүйтэрнэ. Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 10-12 м/с, зарим үед түр зуур 12-14 м/с хүрч ширүүсэж болзошгүй.
Зүүн аймгуудын нутгаар. Агаарын дундаж температур Хэнтийн ихэнх нутгаар ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хэнтийн баруун болон Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр ОЖД-ийн орчим, бусад нутгаар дунджаас бага байна. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур ОЖД-аас 3–5 хэмээр хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Энэ үеэр салхи ширүүсэж, зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 14-16 м/с хүрч ширүүсэж болзошгүй.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговь, Дундговийн ихэнх, Говьсүмбэрийн нутаг болон Дорноговийн хойд хэсгээр ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Өмнөговийн зүүн, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн дундаас гуравдугаар арав хоногийн эхэн үе хүртэл ихэнх нутгаар температур ОЖД-аас 2-3 хэмээр хүйтэрнэ. Гурван арав хоногийн дунд болон сүүлч үеүдээр ихэнх нутгаар бага зэрэг цас орох төлөвтэй. Энэ үеэр салхи ширүүсэж 13–15 м/с хүрэх буюу зарим үед 15–17 м/с хүрч ширүүсэж болзошгүй.
Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд “зарим газраар”, 30-70 хувьд “ихэнх нутгаар”, 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд “бүх нутгаар” гэсэн нэр томьёо хэрэглэдэг.
ЗӨВЛӨМЖ
Нэгдүгээр сард ихэнх нутгаар ОЖД-аас илүү хүйтэн, хур тунадас дунджийн орчим. Зүүн аймгуудын нутгаар цас багатай байх бол говийн аймгуудын нутгаар ОЖД-аас ялимгүй их цас орох төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар ОЖД-аас дулаан байх боловч сарын дунд үеэр (нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн) ОЖД-аас 3-4 хэмээр хүйтрэх төлөвтэй. Хур тунадасны хувьд говийн аймгуудын нутгаар орох давтамж их байна.