REUTERS: Ким Жон Ун зэвсэгт хүчнийхээ хоёр дахь том албан тушаалтныг чөлөөлжээ
Ким Жон Уны дараа Умард Солонгосын армийн хоёр дахь том албан тушаалтанд тооцогддог маршал Пак Жон Чон үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн тухай Пёньяны төв хэвлэл өчигдөр мэдээлжээ.
Тэрбээр эрх баригч Хөдөлмөрчдийн Намын цэргийн төв хорооны дэд дарга, намын төв хорооны нарийн бичгийн дарга байсан юм.
Өнгөрсөн долоо хоногт болсон намын төв хорооны жил тутмын хурлаар маршалын оронд Ри Ён Гил томилогдсон тухай Солонгосын Төв Мэдээний Агентлаг мэдээлжээ.
Халаа сэлгээний шалтгааныг мэдээлээгүй байна. Гэхдээ Умард Солонгосын эрх баригчид жилийн эцсийн хурлаараа аливаа халаа сэлгээ, шинэ томилгоог зарладаг уламжлалтай.
Тус улсын төв телевизээр намын төв хорооны хурлын үйл явцаас үзүүлэхдээ маршал Пак ганцаараа толгойгоо гудайлган сууж буйг харуулжээ. Сүүлд түүний суудал хоосон байгааг бас харуулсан байна.
Шинэ оны эхний өдөр Ким Жон Ун тэргүүтэй хүмүүс өмнөх удирдагчдын бунханд хүндэтгэл үзүүлсэн тухай мэдээ өчигдөр төв хэвлэлд нийтлэгдэхэд гэрэл зурагт нь маршал байгаагүй юм.
Ким Жон Ун шинэ оныг тохиолдуулан хэлсэн үгэндээ тус улсын 2023 оны батлан хамгаалах стратегийг зарлаж байв. Үүндээ тив алгасах далавчит пуужингийн шинэ загварыг бүтээж, цөмийн цэнэгт хошууныхаа тоог нэмэгдүүлэх тухай дурджээ.