BBC: Жо Байден агаарын бөмбөлгийн асуудлаар Ши Жиньпинтэй утсаар ярина

Сүүлийн өдрүүдэд агаарын бөмбөлөгтэй холбоотой маргаан Америк-Хятадын харилцаанд асуудал үүсгээд байгаа билээ. Сүүлийн  хоёр долоо хоногийн дотор АНУ-ын тал Умард Америкийн агаарын орон зайд нэвтэрсэн дөрвөн нисдэг биетийг буудаж унагаад байгаа. Эдгээрийн эхнийх нь Хятад улсын тагнуулын хэрэгсэл байсныг Вашингтон мэдэгдсэн юм.

Харин Бээжингийн эрх баригчид үүнийг давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр замаасаа гарсан цаг уурын судалгааны техник гэж тайлбарласан. Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нууцлаг нисдэг биетүүдийн талаар анх удаа албан ёсны мэдэгдэл хийлээ.

Тэрбээр сүүлд буудаж унагасан гурван нисдэг биет гадаадын тагнуулын хэрэгсэл биш байх өндөр магадлалтайг хэлжээ. Мөн АНУ үүнтэй төстэй нисдэг төхөөрөмжүүдийг илрүүлэх чадвараа сайжруулахад анхаарах болсныг бас мэдэгдсэн байна.

Жо Байден удахгүй энэ асуудлаар Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй ярилцахаар төлөвлөснөө сэтгүүлчдэд дуулгажээ.

“Бид энэ асуудлыг эцэслэн шийдэж чадна гэж найдаж байна. Гэхдээ би бөмбөлгийг унагасандаа уучлал гуйхгүй” гэж тэр Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна.

“Бид шинэ хүйтэн дайн эхлүүлэхийг хүсэхгүй байна” гэж Байден энэ үеэр бас анхааруулжээ.

Аляскын умард хэсэг, Канадын баруун хойд хэсэг, АНУ-Канадын хил орчмын Хурон нуурын дээр илэрсэн нисдэг биетүүдийг “хувийн компаниуд, судалгааны эсвэл аялал жуулчлалын байгууллагууд”-ын өмч байх өндөр магадлалтай гэж тагнуулын албад нь үзэж байгаа тухай тэр нэмж хэлсэн байна.

Нууцлаг нисдэг биетүүдтэй холбогдуулан авсан арга хэмжээнийхээ төлөө Байдены засаг захиргаа нэлээд шүүмжлүүлж байгаа. Биетүүдийг унагахдаа байлдааны сөнөөгч онгоцноос пуужингаар харвасан юм.

Эхний агаарын бөмбөлгийг гурван өдрийн турш АНУ-ын нутаг дээгүүр ниссэний дараа Атлантын далайн эргээс холгүй буудаж унагасан. Сөрөг хүчнийхэн болон олон нийтийн зарим хэсэг тагнуулын зориулалттай техникийг даруй унагах арга хэмжээ авалгүй цаг алдсан гэж эрх баригчдыг тухайн үед шүүмжилж байв.

Сүүлийн гурвыг унагахад нь сонирхогчийн түвшинд бүтээсэн аюулгүй нисдэг төхөөрөмж байх өндөр магадлалтай биетийг унагахад өндөр үнэ өртөгтэй байлдааны зэвсэг ашиглаж, дэмий мөнгө үрлээ хэмээн шүүмжилцгээж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *