БОАЖЯ-ны хэлтсийн дарга, шинжээч нар экологийн асуудлаар мэдээлэл хийнэ
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газар, хэлтсийн дарга, шинжээч нар мэдээлэл хийнэ. Үүнд:
- Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суман дахь нүүрсний уурхайн үнэлгээтэй холбоотой асуудлаар хийх тул Уул уурхайгүй Хөвсгөл ТББ төлөөллөө оролцуулж үнэлгээ баталсан дарга нараас бодит мэдээллээ авна уу.
- Мазаалайн асуудлаар;
- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ч.Адьяасүрэнгийн гаргасан гомдлын дагуу Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Эрээн толгой” ХХК-ийн асуудлаар;
- Хавар болон ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажлын хүрээнд аймгууд Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлж төсвөө бүрдүүлж ажиллах талаар мэдээлэл;
- Дундговь аймаг болон Дорноговь аймаг Уран холбоо бүхий асуудлаар;
- Ноён уулын дархан цаазтай бүсээс Канадын Сентера Голд ХХК н Кемпийг нүүлгэхгүй байгаа шалтгаан;
- Төв аймгийн Борнуур сумын Сүжигтийн ам ойн сан бүхий газарт Өгөөж Архад ХХК-ын алтны лиценз бүтээн байгуулалтын ажлын талаар;
- Гол мөрний урсац бүрэлдэх ус, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн санг хэрхэн хамгаалах талаар;
- Орчны бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн ч иргэдэд урдчилан сануулж хамгаалах ажил хангалттай хийгдэхгүй байгаа шалтгаан;
- Аймгийн ерөнхий агнуур зохион байгуулалтын явцад болон агнуурын бүс нутгуудад ан амьтны нөөцийг зөв тогтоодог эсэх нь эргэлзээтэй. Ерөнхий агнуур зохион байгуулалтын болон нарийвчилсан агнуур зохион байгуулалтын явцад, ялангуяа угалзын агнуурын нөөц байхгүй газарт нөөцтэй гэсэн дүгнэлтийг зарим мэргэжлийн байгууллагууд гаргадаг. Жишээ нь: Увс аймаг, Ховд аймаг, Баян-Өлгий аймаг гэх мэт. Иймд агнуурын квотыг тогтоохдоо агнуур зохион байгуулалтын тайлан, менежментийн төлөвлөгөө боловсруулсан байдал, түүний хэрэгжилтэд хийсэн үнэлгээ, Засгийн газрын 2022 оны 19-р тогтоолыг үндэслэн тогтоож байх шаардлагатай. Өмнөх жилүүдэд эдгээр дүгнэлт, эрх зүйн орчныг үндэслэлгүй “үзэмжээр” шийдвэрлэж ирсэн нь ховор амьтдыг зөвхөн “мөнгө олох хэрэгсэл” гэж харж улмаар олон тоогоор хөнөөх эрмэлзлэлийг даамжруулж ирсэн. Иймд өмнөх жилүүдийн квот олгож байсан байдалд үнэлгээ өгч 2023 оноос мөрдөгдөж буй хууль, тогтоомжийн заалт, арга зүйн дагуу хийсэн судалгааны үр дүн, менежментийн төлөвлөгөөг үндэслэн олгох хэрэгтэй. Үүнийг хийх боломж байгаа эсэх;
- Зарим агнуурын бүс нутгууд /Төв аймаг, Дундговь аймаг, Баян-Өлгий, гэх мэт/ давхцалтай, хоорондоо болон УТХГ-тай хил залгаа байршиж байгаа нь ховор амьтдыг хөөх, булаацалдах зэрэг зөрчил гаргахад хүргэж байна. Иймд агнуурын бүс нутгуудыг Засгийн газрын 2022 оны 19-р тогтоолоор баталсан журмуудаар зохицуулсан шаардлагад нийцүүлэн шинэчлэн тогтоох шаардлагатай эсэх;
- Зарим мэргэжлийн байгууллагууд удаа дараа хууль, журам зөрчиж, арга зүйн дагуу судалгаа хийлгүй, ялангуяа аргаль хонины биологийн нөөц, угалзын агнуурын нөөцийг буруу тогтоож ирсэн. Иймд агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагуудыг аттестатчилан урамшил, хариуцлагын арга хэмжээ тооцох шаардлагатай байна. Үүнийг хийх боломж байна уу?
- Органик гэсэн нэрээр эмийн ургамал хар зах дээр гарсан. Тухайлбал: Хөвсгөл аймгийн зах дээр 80 гаруй зүйл эмийг ургамал зарж байгаагийн 30 гаруй нэн ховор болон Улаан номд орсон ургамал байна.
- Нөхөн сэргээлт хийлгээд хүлээж авсан газрын ихэнх бараг 95% нь биологийн нөхөн сэргээлт огт хийгээгүй. 20-30 жил энэ хэвээр үлдсэн. Нөхөн сэргээлтийг стандартын шаардлага хангуулж, хүлээн авдаггүй. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?
- Хуш модны асуудал. Тусгай хамгаалалттай газар хууль зөрчиж хуш модыг гэмтээж самар түүх нь энгийн үзэгдэл болсон. Цаашид яах вэ?
- Хар усны гол, Шар усны гол, Завхан голын эх тус тус урсац бүрэлдэх эхэд бүртгэгдээгүй асуудал
- ААНБ-ууд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэлгүйгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авсныг нь өөгшүүлж, дараа нь хууль зөрчиж нөлөөллийн үнэлгээг нь мэргэжлийн зөвлөл нь батладаг байдал. Эргээд түүнийгээ хүчингүй болгож чаддаггүй.
- Говь-Алтай аймаг Дарви сумын нутаг Дарвийн нуруунд хууль зөрчин нинжа нар алт ухаж байгаад хэзээ арга хэмжээ авах вэ?
- Хэрлэн голоос Дорноговь аймгийн Алтанширээрүү 60 метрийн өргөнтөй, 3 метрийн гүнтэй шуудуугаар ус татах ТЭЗҮ гарсан. Удахгүй ажил хэрэг болгох гэж байна. Энэ нь Хэрлэн голд аюулгүй юу?
- Хэнтий аймагт Хэрлэн гол дээрх хайрга, дайрга олборлож буйг яагаад зогсоохгүй байгаа вэ гэх мэт эргэлзээ бүхий зайлшгүй тодруулга өгөх шаардлагатай олон мэдээлэлд хариулт өгнө.