Н.Ууганбаатар: УИХ-ын гишүүдийн тоог 150-д хүргэх хэрэгтэй
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэж улстөрийн намууд санал нэгдэж байна. Энэ талаар судлаачид ч байр сууриа илэрхийлж байгаа юм.
Тухайлбал, ХҮН-ын удирдах зөвлөлийн гишүүн хуульч, эрхзүйч Д. Үүрцайх “УИХ-ын гишүүдийн одоогийн байгаа тоо ард иргэд хийгээд нийгмийн бүлгүүдийг төлөөлж чадахгүй байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ард түмнийг төлөөлөх парламентын чадавхыг сайжруулах иргэдийн саналыг гээгдүүлэх буюу бага саналаар УИХ-д олонх болох бодит боломжийг бий болгож байгааг засах, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх замаар төрийн эрх мэдлийн харилцан хяналтыг сайжруулж, эрх ашгийн зөрчил гарах, нөлөөнд автах эрсдлийг бууруулахын тулд өөрчлөлт хийх л хэрэгтэй” гэх байр суурь илэрхийллээ.
Түүнчлэн судлаачид парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлснээр хэн нэгний лоббид автахгүй, парламентын засаглал бэхжинэ гэж үзэж байгаа юм. МУИС-ийн Эдийн засаг, математикийн тэнхимийн багш, дэд профессор Н.Ууганбаатар “Парламентын гишүүдийн тоо хүн амын тоо хоёр хоорондоо шугаман хамааралтай байдгийг олон улсын судлаачид тогтоосон байдаг. Энэ томъёоллоор улс төрийн идэвхтэй хүн амынх нь тоог хоёроор үржүүлж, куб/язгуурт харьцуулж гаргадаг. Манай улсын хувьд улс төрийн идэвхтэй хүн ам 1.7 сая гэж тооцъё. Үүнийг хоёроор үржүүлэхээр манай хүн амын тоо гарч ирнэ. Үүнийгээ куб/язгуураар тооцоход манай парламент 150 гишүүнтэй байхаар байна” хэмээн тайлбарлаж байна.