Улсын хилээр мансууруулах бодис нэвтрүүлэх гэж байсан дөрвөн удаагийн тохиолдол гарчээ
Гаалийн байгууллагаас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, хар тамхи хилээр нэвтрүүлсэн зөрчлийг мэдээллээ.
“2022 онд мансууруулах бодис хилээр нэвтрүүлэх гэж байсан 16 удаагийн тохиолдлыг гаалийн алба хаагчид, тагнуул, цагдаагийн байгууллагатай хамтарсан шалгалтаар илрүүлсэн. Холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа.
Эдгээр нь гадаад улс орноос ихэвчлэн шуудан илгээмж ашиглан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлүүд.
2023 оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис нэвтрүүлэх гэж байсан дөрвөн удаагийн тохиолдлыг илрүүлэн харьяаллын дагуу мөрдөн шалгах байгууллагад шилжүүлсэн. Хуулийн байгууллага шалгаад тодорхой болсны дараа хар тамхитай холбоотой мэдээллийг хүргэнэ” хэмээн ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын Хар тамхи, мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн дарга Б.Сүхбаатар хэллээ.
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 20.7.1 дэх хэсэгт зааснаар, хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг.
“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн дээрх хуульд заажээ.
Энэ гэмт хэргийг улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг. Мөн зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 12-20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял оногдуулж шийтгэхээр хуульчилсан байна.