Өнөөдөр Буйр нуурын тулаан болсон өдөр
1388 оны 05-р сарын 18-нд одоогийн Буйр нуурын орчимд Хятадын Мин гүрний жанжин Лан Юүгийн /Lan Yu/ удирдсан 150,000 цэрэг, Монголын их хаан Төгс Төмөрийн цэргүүдийн хооронд тулаан болж Монголчуудын ялагдлаар төгсжээ. Энэхүү тулааныг дэлхийн түүхэнд Battle of Buir Lake хэмээн тэмдэглэн үлдсэн байна.
Тогоонтөмөр хааны хүү Усгал хэмээх цолтой Төгс Төмөр нь 1378 онд ах Аюушридараг залгамжлан хаан сууж, “Тяньюань” гэдэг оны цолыг хэрэглэх болээ. Тэрээр ахынхаа бодлогыг үргэлжлүүлэн Хархорум, Инчан хавьд үлэмжхэн цэргийн хүч хуралдуулж, Мин улсын хил хязгаарыг уулгалан довтолж байжээ.
Үүний хариуд Мин улс 1380 онд их хэмжээний цэргийг Монгол руу илгээсэн. Му Ин жанжинаар удирдуулсан тэр их цэрэг нь дөрвөн чиглэлээр Монголруу довтолсон. Му Ины удирдсан хөнгөн морьт цэргийн анги Хархорумыг эзлэн авч сүйтгэн их хэмжээний хүн ардыг олзлон авч буцсан ажээ.
Тэр үед Төгс Төмөр хаан Инчанд төвлөн сууж байжээ. Дараа нь Төгс Төмөр орд өргөөгөө дорно зүгт Буйр нуурын орчимд шилжүүлээд, сарнисан цэргийн хүчээ дахин эмхлэн хуралдуулж эхэлсэн байна. Нөгөөтэйгүүр, Ляодунгийн Нагачу ноёнтой холбоо тогтоохын зэрэгцээ Солонгосын Гүрё улстай хүч хавсран, хамтын хүчээр Мин улсын эсрэг тэмцэхийг оролдож байв.
1387 онд Мухулайн удмын жанжин Нагачу нь Монголоос Манжийн умард хэсэг хүртэлх нутгийг эзэмшиж хэдэн арван мянган цэрэгтэй армийг удирдаж байв. Тэрээр цаашид Гүрё улсыг эрхэндээ оруулах санаатай байлаа. Гэвч Мин гүрэн энэхүү их цэрэг Төгс Төмөр хааны цэрэгтэй нэгдэн хүчирхэгжих вий хэмээн эмээж Нагачугийн армийг дарах цэрэг хөдөлгөв. Мингүүд 1384 онд Гүрё улсыг дагаар оруулж Монгол улстай холбоог нь таслаад байсан тул Монголчуудруу довтлох таатай нөхцөл үүссэн байлаа. Мин улс 200,000 цэрэгтэй их хүчийг Гирин мужаар дамжуулан Манж нутгийн гүнрүү оруулсан ба Чанчун хотын ойролцоо Нагачугийн цэргүүдтэй ширүүн тулалдаан хийж хоёр тал ихээхэн хохирол амсав. Гэвч Мингийн хүч илт давуу байсан тул Нагачу ахин тулалдалгүй бууж өгсөн байна. Үүний дараа Төгс Төмөр хааны хүчийг дарахын тулд Лан Юүгаар удирдуулсан цэргүүдийг хөдөлгөсөн байна.
Тагнуулууд Төгс Төмөрийн хүрээг Буйр нуурын орчимд байгааг мэдээлсэн бөгөөд Лан Юүгийн цэргүүд Буйр нууранд тулж очсон боловч Төгс Төмөр хааны хүрээг олж чадаагүй тул аргаа барж байхад түүний туслах жанжин Ван Би ийм их замыг туулчихаад ямар ч үйлгүй буцах нь ичгэвтэр хэрэг хэмээсэн тул үргэлжлүүлэн хайжээ. Эцэст нь тэд Монголчуудын хүрээ Буйр нуурын зүүн хойд биед байгааг олж мэдэн шөнийн цагаар элсэн шуургыг ашиглан ойртов. 5-р сарын 18-нд болсон их тулалдаанд Монголчууд ялагдан Төгс Төмөр хаан ууган хүү Тянбаону болон Чжиюань Нэцэлай, Чинсан Ширмэн нарын хамт хамгаалалтын цэргүүдээр хүрээлүүлэн Хархорины зүгт зугтсан байна.
Гэвч хоёрдугаар хан хүү Дибаону болон бусад гэр бүлийн 100 орчим гишүүн, төрийн сайд ноёд нийлсэн 2900 гаруй язгууртан, 77,000 ардууд, 150,000 гаруй толгой мал Мин улсад олзлогдсон гэж эх сурвалжид тэмдэглэжээ.
Төгс Төмөр хаан явсаар Туул голын бэлчирт хүрч очиход Аригбөхийн угсааны ноён Есүдэр тэдэнрүү довтолж энэ тулалдаанд хааны тал ялагдсанаар Төгстөмөр хаан цөөн хүний хамт тулалдаанаас гарч Мархас жанжинаар удирдуулсан цэргийн хүчтэй нэгдэхийг завдан зугтав. Гэвч гурван хоног дараалан их хэмжээний цас орсон тул Төгс Төмөр хаан замд гарч чадалгүй саатжээ. Яг энэ үеэр Есүдэр Төгс Төмөрийг баривчилхаар нэгэн түшмэлийг илгээж тэр нь Төгс Төмөрийг гүйцэж баривчлан нум сумын хөвчөөр боож алжээ. Энд мөн түүний ууган хүү ч амиа алдсан юм. Төгстөмөр хаан хорлогдсоноор Монголын гадаад дотоод улс төрийн байдал туйлын тогтворгүй болж их гүрний задрал хурдассан юм.
Лан Юү харин энэ гавьяагаараа ихэд алдаршин Хонгвугийн хаан түүнийг агуу жанжин Вэй Чинтэй харьцуулан магтаж, 3,000 шигийн урамшуулал олгон Лянь аймгийн гүнгээр томилов. Түүгээр ч үл барам түүний удирдлагад байсан бусад жанжид, цэргүүд ч харамгүй шан хүртсэн байдаг.
Харин Төгс Төмөрийн бага хүү Дибаонуг нь Рюкю арал(одоогийн Японы Окинава арал)-д цөлсөн ажээ.
Эх сурвалж: Хашир Анжигай ингэж хэлэв блог