Түүхэн дэх хамгийн зартай дээрэмчид Бонни & Клайд

“Бонни, Клайд хоёр” гэдэг үг тухайн үедээ гэмт хэргийн амьд домог болж гэмт үйлдлээрээ олон тооны “хос шавь” нарыг төрүүлсэн гэж үздэг. Тэд ХМТ-ныхонд хороолгуулсан юм.


Бонни Элизабет Паркер

1910 оны аравдугаар сарын 1-нд Техасын Ровена хотод төрсөн. Түүнийг гурван настай байхад чулуучин эцэг нь нас барсан бөгөөд удалгүй ээж нь өнчин хоцорсон гурван хүүхдийн хамт Далласын нэгэн жижиг хотод шилжин иржээ. Хэдийгээр Бонни хүнд хэцүү ядмаг амьдралд өссөн ч дунд сургуульдаа толгой цохидог хүүхдийн тоонд багтана. Ялангуяа уран зохиол, хэлний хичээлд хэний ч дор орхооргүй “толгойтой” охин байжээ. Тэр 15 нас хүрэхэд 150 см өндөр, дөнгөж 41-хэн кг жинтэй турьхан охин байжээ. Ингээд тэр ондоо буюу 1926.09.25-нд Бонни охин санамсаргүй шахам байдлаар Рой Торнтон гэгчтэй гэрлэв. Дараа жил нь гэхэд бүсгүй Дорнодын Далласын “Кафе Марко”-д зөөгчөөр ажиллаж байлаа. Нөхөртэйгөө харьцаа тийм ч сайн байсангүй. Үл бүтэх нөхөр гэрлээд жил ч болоогүй байхдаа хэдэн долоо хоногоор ор сураггүй алга болж байсан удаатай. Ингээд тэд 1929 онд салжээ. /Гэхдээ тэд албан ёсоор салаагүй бөгөөд нас барах үед Боннигийн хуруунд хуримын бөгж зүүлттэй хэвээр байжээ/


Клайд Честнат Барроу

Энэ “хүнд гар” 1909 оны гуравдугаар сарын 24-нд Техас мужийн Телико хэмээх хотод мэндэлжээ.

Тэрбээр найман хүүхэдтэй нэгэн ядуу фермер гэр бүлийн тав дахь хүү юм. Клайд 16-тайдаа сургуулиа хаясан. Ажил хийж эхэлсэн ч тэр нэг газраа удаан байх дургүй нэгэн байлаа. Түүний цорын ганц сонирхол нь авто машин. Үүний зэрэгцээ Клайд саксофон хөгжмөөр сонгодог аяз тоглочихдог авьяастай нэгэн байв.

Түүнийг цагдаа нар хамгийн анх 1926 онд машин хулгайлсан гэх хэргээр баривчилжээ. Тэгтэл удалгүй ахынхаа хамт индүү хулгайлснаар хоёр дахь удаагаа цагдаа ахынд зочилжээ. Ингээд тэр хэрэг явдлын дараа Клайд 1928 онд найзтайгаа нэгдэхээр орон гэрээ орхисон байна. Хэдэн сар гудамжаар тэнэсэний эцэст түүнд өөрийн гэсэн хулгайн бүлэг байгуулах санаа төрсөн гэдэг. Анхны дайралтаа тэд Форт Бент Каунти дахь мөрийтэй тоглоомын төв рүү хийлээ. Ингэхдээ Клайд түрүүлж дайран орж эвдэрхий буугаар сүрдүүлж байгаа хоёр хамгаалагчийнх нь гар бууг салган авчээ. Тэр өдрөөс хойш “урам зориг” орсон тэрбээр “банд”-ынхаа хамт шөнө болгон шахуу дээрэм, хулгай хийж эхэллээ. 1929 оны сүүл 1930 оны эхээр цагдаагийнхан Клайд болон түүний ах Бак хоёрыг олон хотоор самнан эрэн сурвалжилж байсан юм.

Яг тухайн үед тэр Бонни Паркертай танилцжээ. Сайн ч дотносож амжаагүй байхад буюу 1930 оны нэг сард цагдаа хоёр дээрэмчин эрийг баривчилжээ. Зэвсэг хэрэглэн дээрэм хийснийх нь төлөө шүүх Клайдад хоёр жил, Бакад дөрвөн жилийн ял өгсөн билээ.

Харин 1930 оны гуравдугаар сарын 08-ны өдөр “нийгэм сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр засарсан” хэмээн үзэж Бак Барроуг хугацаанаас нь өмнө суллажээ. Тэгвэл гуравхан хоногийн дараа Клайд хоёр хоригдлын хамт шоронгоос оргожээ. Үүнийг Бак зохион байгуулсан бөгөөд түүний даалгавраар Бонни маш нууц байдлаар Клайдад буу өгсөн байж. Гэвч хэдхэн долоо хоногийн дараа “азгүй баагий” Клайд Огайо мужийн Миддлтаунаас баригджээ. Тэр үед 14 жилийн ял авсан юм. Тэр энэ хугацааг Техасын Хантсвиллийн шоронд өнгөрүүлсэн байна.


Анхны хамтарсан “ажил”

1932 оны хоёрдугаар сарын 1-нд Клайд Барроу дахин эрх чөлөөтэй боллоо. Тэрбээр эрх чөлөөтэй болонгуутаа л гудамжны дээрэмчидтэй нийлэн шатахуун түгээх станцуудыг дээрэмдэж эхэлсэн байна. Удалгүй Бонни түүнийг өөрийн хайртай байсан залуу болох Реймонд Хамильтонтой танилцуулав. Ингээд бас нэгэн үл бүтэх нөхөртэй найз болсон тэд 1932 оны дөрөвдүгээр сарын 27-нд Жон Бакер хэмээх эрийн хөгжмийн дэлгүүрт дайран орж касснаасаа мөнгө өгөхийг шаардахад цаадах нь эсэргүүцэл үзүүлжээ. Ингэлээ гэж дээрэмчид худалдагч эрийг газар дээр нь буудан алав.

Тэр явдлаас хойш таван сар өнгөрсний дараа Оклахомагийн Атокийн нэгэн бүжгийн талбай дээр нутгийн шериф К.Ж.Максуэлл, түүний туслах Южин Мур хоёр шуналтай нь аргагүй архи ууж байгаа хоёр залууг анзаарчээ. Тухайн үед “хуурай хууль” үйлчилж байсан учраас цагдаагийн эрхмүүд тэдэнд дөхөн очоод шилтэй архиа хураахыг шаардав. Ингэснээрээ Максуэлл хүнд шархдаж харин Мур газар дээрээ амиа алдсан байна. Клайд, Хамильтон хоёр хэргийн дараа хулгайлсан машиндаа нуугдсан байлаа. Тэднийг Оклахомагийн бүх цагдаа нэр эрэн сурвалжилж эхлэв. Харин Реймонд Хамильтон нь аав дээрээ очих гэж байгаад Мичиганд баригдсан бол түүнийг хамгийн их хэрэг үйлдсэн Техаст шилжүүлэн авчирчээ. Шүүх түүнд үйлдсэн бүх хэргийнх нь төлөө 264 жил шоронд хорих шийдвэрийг гаргасан гэдэг. Хэрэгтэн эр Хантсивиллийн шоронд ял эдлэн нэгэн фермд хөдөлмөр хийхээр болов.

1932 оны арванхоёрдугаар сард Техасын Темпла хотын иргэн Д.Хонсон өөрийнх нь машинд нэг эмэгтэй, эрэгтэй хоёр хүн сууж байгааг гэрийнхээ цонхоор санаандгүй харчихжээ. Тэр гэрээсээ хар хурдаараа гүйн гарахад машин маш хурдтайгаар хөдлөн оджээ. Гэхдээ Хонсон машинаас зүүгдэх гэж оролдох үед түүн рүү гал нээсэн бөгөөд сум түүний хүзүүг шүргээд өнгөрөв. Ямар ч байсан цагдаагийнханд мэдүүлэг өгөн тэдгээр дээрэмчдийн зүс царайг яг дүрслэн хэлсэн байна. Энэ бол Бонни, Клайд хоёрын гэмт хэргийг илчилсэн хамгийн анхны гэрч байлаа.

Клайдын эцгийн шатахуун түгээх станцын орчимд тэд 17 настай машины хулгайч Уилльям Дэниель Жоунс гэгч этгээдтэй танилцжээ. Ингээд хэдхэн хоног өнгөрсний дараа тэр Клайдын хамт машин хулгайлах ажилдаа оров. Хэрвээ эзэн нь эсэргүүцэл үзүүлэхийг завдвал тэднийг Клайд газар дээр нь хороож орхино. Ингээд машиныг элдэв янзаар сольж унах болсон тэр гурав банк дээрэмдэж эхэлсэн байна. Ингэхдээ Клайд, Жоунс хоёр банк руу ороход Бонни хөдөлгүүрээ асаан жолооны ард тэднийг хүлээн суух жишээтэй. 1933 оны эхэн гэхэд Бонни, Клайд хоёрыг баруун хойд муж даяар эрэн сурвалжилж эхлээд байлаа.


Бак ба Бланш Барроу

1933 оны гуравдугаар сард Бак Барроу шоронгоос гарав. Тэр шоронгоос гарангуутай шууд Клайдын дээрмийн бүлэгтэй нэгджээ. Түүний эхнэр Бланш ч гэсэн нөхрөө даган дээрэмчдийн оромжинд ирсэн байна. Тухайн үед Бонни, Клайд, Жоунс нарын сүлжээг илрүүлэхээр ХМТ маш их хүчин чармайлт гарган ажиллаж байв. Тэд нууцлагдмал байдалд орох шаардлагатай болоод байжээ. Яг энэ эгзэгтэй үед тэдэнтэй Бак, Бланш хоёр нийлсэн юм.

Тэд хамгийн найдвартай нуугдаж болох газраар Миссуригийн Жеплин хэмээх нэгэн жижиг хотыг сонгоод байлаа. Тэр хотод 1920-иод оны сүүлээр зартай гангстерууд бүгдэг байсан гэдэг. Маш нам гүм, нуугдахад ч амархан. Эргэн тойрон тэр чигтээ өндөр хад асга, уул бөгөөд зам нь ч яггүй бартаа саад ихтэй. Дээрэмчид доороо гаражтай гурван өрөө байр хөлслөн сууршихаар болжээ. Ингэхдээ тэд өөрсдийнхөө зургийг маш их авдаг байсан юм. Тэдгээр зураг дээр Бонни театрын жүжигчид шиг л поз аван, дэгжин хувцасласан байдаг байж. Зураг дээрээс харахад хос хоёр их л соёлтой, өөрсдийгөө рекламдаж байгаа мэт…

Тэдний хөршийн анхаарлыг хэд хэдэн зүйл татаж байлаа. Өрөөг нь хөлслөгчдийнг биеэ авч явах байдал нь хачин байсан хэдий тэрбээр машиных нь дугаар өөр мужийнх буюу Техасынх болохыг анзаарчээ. Ингээд сонирхолдоо хөтлөгдсөн Барроугийн хөрш авгай Миссури Роуд дахь цагдаагийн хэсэгт очиж мэдүүлэхээр яаравчлав. Бригадир Ж.Б.Келер сэжигтэй этгээдүүдийг шалгахаар отолт зохион байгуулахаар шийдсэн байна. 1933 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 04 цагийн үед цагдаагийн хоёр ч машин Барроучуудын байшин руу дөхөж байлаа. Эхний машин ирэх үед Клайд, Жоунс хоёр дээвэр дээр байсан бөгөөд цагдааг харангуутаа тэр хоёр гаражийн хаалгаар орон хаалгаа сайтар түгжлээ.

Харин нөгөө машин гаражаас гарч зугатах замыг хаан байшингаас холгүйхэн зогсчээ. Клайд, Жоунс хоёр гаражаас гал нээж эхлэв. Энэ нь байшинд байсан бусдад нь дохио болов. Буудалцаан эхлээд удаагүй байхад цагдаагаас нэг нь хүнд шархдан нөгөө нь амиа алдаад байлаа. Келер хамгаалалтад орохыг тушаажээ. Тэр үед Клайд Бак хоёр замаа чөлөөлөх үүднээс машиныхаа гар тормозыг аван өнхрүүлэхээр болжээ. Гэтэл Клайд толгойндоо шархадлаа. Тэр буцаад гэртээ оров. Харин Бакийн зам чөлөөлөх гэсэн оролдлого амжилттай болсон юм. Тэрбээр цагдаагийн орхиод байсан машины гар тормозыг мултлан замын хажуу руу түлхэн оруулаад байшинд орж ирлээ. Тэдний машин гаражаас гаран нуугдаж амжжээ.

Барроугийн бүлгийн амьдарч байсан өрөөнүүдэд цагдаагийнхан үзлэг хийхэд Бонни, Клайд хоёрын авахуулсан олон тооны зураг гарч ирсэн байна. Тэдгээр зураг гэмт хэрэгтнүүдийг илчлэх анхны эд мөрийн баримт болоод зогсохгүй тэднийг хэн бэ гэдгийг мэдэж авахад “том тус” болжээ. Гэмт этгээдүүдийн зургийг бүх мужуудаар тараалаа. Энэ ялалтын дараагаас Барроу ХМТ-ны хамгийн аюултай, онц ноцтой гэмт хэрэгтэн, хэрвээ тааралдвал газар дээр нь устгах гэсэн дээрэмчдийн жагсаалтад багтах болов.


Дээрэмчин хосын vхэл

Тэд нийтдээ АНУ-ын 22 мужид дээрэм, хүн амины хэрэг үйлдсэн. 1934.05 сард олон удаа бүтэлгүй ажиллагаа хийсэн шериф Фрэнк Хеймер удаан төлөвлөсний эцэст отолтыг амжилттай зохион байгууллаа. Ингэснээр тавдугаар сарын 23-ны өдөр Бонни, Клайд хоёрын “форд” отолтод байсан зургаан цагдаагийн ажилтны бууны суманд өртжээ. Бороо мэт шүрших ширүүн гал намдсаны дараа цагдаагийнхан тэдний машинд дөхөн очиход дээрэмчин хос хэдэнтээ буудуулан газар дээрээ нас барсан байв.

Бонни, Клайд хоёр клипэнд:
Ферги, Лудакрис хоёр “Glamourous” клипнийхээ цагдаатай буудалцдаг хэсэгт Бонни, Клайд хоёрын оронд дээрмчний дүрд тоглодог. Тэгвэл Бейонсе, Жей-Зи хоёр мөн л “Bonnie & Clyde” клипэнд дээрэмчин хосын дүрийг бүтээсэн юм. Эдгээр дээрэмчин мөн Мик Ньютоны “Надад бууж өг” клипэнд дахин нэг удаа амилсан билээ.

Дуунд:
-“Ночные снайперы” хамтлагийн “Бонни, Клайд” цомог
-“Bad Balance” хамтлагийн “Бонни ба Клайд” дуу
-“Reflex”-ийн “Яг Бонни, Клайд хоёр шиг” дуу /”Blondes 126” цомогт нь багтсан байдаг/

Анх удаа кинонд:
“Бонни Энд Клайд”
Төрөл: гэмт хэрэг, драм
Найруулагч: Артур Пенн
Гол дүрд: Фэй Данауэй, Уоррен Битти, Жин Хэкмэнн
Хугацаа: 111 мин
Бүтээсэн орон: АНУ
Бүтээсэн он: 1967
Энэ кино нь тухайн үедээ Холливудын түүхийг шинэ түвшинд гаргаж ирэх бүтээл болоод зогсохгүй кино урлагт шинэлэг санааг бий болгосноороо алдартай. Тэр ч утгаараа гэмт хэрэг, аллага, хүчирхийллийг харуулсан гэдэг шүүмжлэлд өртөөд байсан уг бүтээлд Америкийн кино академи хоёр ч “Оскар” өгсөн. Гэхдээ тэр үед 16-гаас доош насныханд киног үзэхийг хориглоод байсан гэдэг. Гол дүрийг Холливудын домог болсон жүжигчин Уоррен Битти болон Фэй Данауэй нар бүтээсэн.


Жүжигчдийн товч танилцуулга:

Уоррен Битти
Төрсөн өдөр: 1937.03.30
Төрсөн газар: Ричмонд, Виржиния
Мэргэжил: жvжигчин
Карьер: 1967 оноос
Г.У.Битти нь нэрт жүжигчин Ширли Маклейны төрсөн ах билээ. Тэрбээр вестерн “Бонни, Клайд” /1967/, анти-вестерн” Маккейб ба миссис Миллер” /1971/ мөн Мадонна, Аль Пачино, Дастин Хоффман нартай гэмт хэрэг, инээдмийн “Дик Трэйси” /1990/ зэрэг бvтээлээрээ алдартай. Тэгвэл сүүлийн жилүүдэд Уоорен “Иштар” /1987/, болон “Хот ба Тосгон” /2001/ кинонд амжилттай тоглохын зэрэгцээ улс төр карьераа нэмэгдүүлж бүр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан юм.

Фэй Данауэй
Төрсөн өдөр: 1941.01.14
Төрсөн газар: Баском. Флорида. АНУ
Мэргэжил: жүжигчин
Карьер: 1965 оноос

Фэй Данауэй нь 1977 онд цорын ганц “Оскар”-аа хүртсэн. Энэ түүнд хангалтгүй хэмээн кино судлаачид өнөөг хүртэл үздэг.
Бостоны театрын Их сургуулийн төгссөн. 1967 онд анх удаа Уоррен Биттигийн хамт найруулагч Артур Пеннийн гангстер “Бонни, Клайд хоёр” кинонд тоглож бүтээсэн дүрээрээ “Оскар”-т нэр дэвшиж байжээ. Мөн 1974 онд Роман Поланскийн “Хятад хороолол” киногоороо дахин “Оскар”-т нэр дэвшсэн. Хоёр жилийн дараа гэхэд тэрбээр Сидни Люметагийн “Телесть” киногоор “Оскар” болон “Алтан бөмбөрцөг”-ийн шагналыг авч чадсан билээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *