Яармагийн гүүрэн байгууламж есдүгээр сард ашиглалтад орно
Яармагийн гүүрэн байгууламжийн ажлын явцыг холбогдох мэргэжилтнүүд өнөөдөр танилцууллаа. Уг гүүр нь Наадамчдын авто замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох бөгөөд 483 метр урттай, зургаан эгнээ, дөрвөн амралтын тавцантай. Авто замын түгжрэлийг бууруулах, зам байгууламжийг шинэчлэх зорилгоор энэхүү бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн.
Гүүр ашиглалтад орсноор Наадамчдын авто замын түгжрэл 15 хувиар буурах тооцоолол гарсныг Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг хэллээ.
Тэрбээр “Гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтад гурван компани оролцож байгаа. Өвлийн улиралд ч тасралтгүй ажилласны хүчинд гүйцэтгэл 55 хувьд хүрээд байна. Одоогийн байдлаар материалынхаа 70 хувийг татсан. Төлөвлөгөөний дагуу 2023 оны есдүгээр сард зорчих хэсгийг нээхийг хотын дарга үүрэг болголоо. Энэ үүргийн дагуу зорчих хэсгийн замыг бүрэн ашиглалтад оруулна” гэв.Энэхүү гүүрэн байгууламж 77.3 тэрбум, замын байгууламж 44.9 тэрбум төгрөгийн өртөгтэй аж.