Өнөөдөр Тянь Ань Мэний талбайд Ардчиллын дарь эх боссон өдөр
1989 оны 05-р сарын 30-ны өглөө эрт Тянь Ань Мэний талбайд оюутнуудын зохион байгуулж байсан жагсаалын хүчийг нэмж, яг талбайн хойморьт байрлах Мао Зэдуны /Mao Zedong/ том зурагны өөдөөс харуулан “Ардчиллын дарь эх” /Goddess of Democracy/ нэртэй хөшөөг босгож чадсан юм.
Хөшөөний голд төмөр армотур угсарч түүний гадуур хөөсөнцөр болон цаасан шуумлын арга ашиглан дөрвөн өдрийн турш хийсэн бөгөөд өөр хаана ч босголгүй уг талбайд анх бүрэн босгосон ажээ. Баримлыг бүтээгчид эрх баригчдаар хялбар нураалгахгүйн тулд хөшөөг аль болох том хийхийг хичээсэн. Засгийн газрын зүгээс хөшөөг нураасан тохиолдолд тэдний бодлогыг цаашид ч үргэлжлүүлэн шүүмжлэхийг өдөөх ёстой байв. Тиймээс эрх баригчид тийм ч хурдан нураачихгүй гэж найдаж байлаа.
1989 оны 4-р сарын 15-нд эхлэсэн оюуны хөдөлгөөний оргил үе 5-р сарын сүүл гэхэд өнгөрч талбайг чиглэсэн олны хөл татарч нэгэн түүхчийн хэлснээр бол “хөдөлгөөний эрчим хамгийн доод цэгтээ хүрч” байв. Үүнд жагсагчдын зүгээс тавьсан шинэчлэлтийн талаархи шаардлагад засгийн газар маш идэвхигүй ажиллаж байсан нь ч нөлөөлсөн бөгөөд тэд аажмаар хүчээ алдан, суларч талбай дахь оюутнуудын тоо цөөрсөөр байлаа.
Энэ үед хөдөлгөөний хамгийн идэвхитэй удирдагч асан Чай Лин /Chai Ling/ ядарч, сэтгэлээр унасны улмаас албан тушаалаасаа өөрөө огцорсон нь талбай дээр үлдсэн хүмүүсийг тодорхой удирдлаггүй болгов. Талбай хог хаягдлаар дүүрч, өмхий үнэр дүүрсэн зөөврийн жорлонгоор хүрээлэгдсэн ядуусын хороолол шиг л болоод байлаа. Гаднаас нь харвал нэгэн цагт ардчиллын төлөөх тэмцлийн төв болж олныг татах соронз болж байсан Тянь Ань Мэний талбай иргэдийн хувьд ялагдал хүлээсэн, сонирхол татахааргүй, эмх замбараагүй газар болон хувирчээ. Яг энэ үед л “Ардчиллын дарь эх”-ийн хөшөө гарч ирсэн хөдөлгөөнийг дахин сэргээсэн.
Хөшөөг Төв Урлагийн Академийн /Central Academy of Fine Arts/ оюутнууд 05-р сарын 27-ноос сургууль дээрээ босгожээ. Оюутнууд засгийн газар тэднийг ядарч, талбайг орхиж явахыг хүлээж байна гэж сэжиглэж байсан тул зарим эрчээ алдаж байгаа оюутнуудад хөдөлгөөн амьд гэдэг итгэл, эрч хүчийг энэ хөшөө өгнө гэж тооцсон.
Тэд том хөшөөг яаралтай барихын тулд өмнө нь хичээл дээрээ “жингийн хуваарьлалтын үр нөлөөг” харуулахаар бүтээгээд байсан макетийг ахин хөгжүүлэхээр шийджээ. Энэхүү баримал нь хоёр гараа өргөн шонгоос барьж түүнийг бүх жингээрээ түшиж байгаа хүний хагас метрийн өндөртэй шавар баримал байв.
Оюутнууд шонгийн доод хэсгийг тайрч дээд хэсэгт нь гал барйлуулав. Мөн баримлын ерөнхий бүтцийг илүү босоо хэлбэрт шилжүүлж, эрэгтэй царайг нь өөрчлөн эмэгтэй болгохын хамт эмэгтэйлэг галбиртай болгосон.
Үүний дараагаар тэд яг энэ загвараа томсгон хөшөөг хөөсөнцөр болон цаасан шуумлаар бүтээв.
“Танк хүн” гэрэл зургаараа алдартай Жефф Виденер /Jeff Widener/ жагсаалын бусад гэрэл зургууд, тэр дундаа Дарь эхийн нийтэд цацагдсан хоёр ч зураг дарсны нэг нь баригдаж байх үед, нөгөө нь жагсаалын төвд байлаа. Маш олон хүмүүс хөшөөг барьж байх үед нь “Эрх чөлөөний хөшөө”-тэй төстэй болж байна гэж хэлж байсан авч оюутнуудын зөвлөх, барималч Цао Цин-юан /Tsao Tsing-yuan/ “хэтэрхий илт Америкийг дэмжигч” болж харагдахгүйн тулд оюутнууд хөшөөгөө аль болох өөр байхаар шийдсэн гэж бичжээ. Мөн тэрээр хөшөөндөө Оросын уран барималч Вера Мухинагийн /Vera Mukhina/ “Ажилчин залуу, тариаланч бүсгүй” хөшөөнөөс санаа авсан гэж үзсэн бөгөөд эмэгтэйн хувьсгалт реалист царайнд энэ хөшөө илүү хүчтэй нөлөөлсөн гэж хэлж байв.
Хөшөөний хэсгүүдийг талбайруу зөөх болоход оюутнуудын санааг сонссон улсын аюулгүй байдлын хорооноос тэдэнд тусалсан ачааны машааны жолооч цаашид жолоо барих эрхгүй болно хэмээн мэдэгджээ. Иймээс оюутнууд бүтээлээ хүн тэрэгний оронд ачааны тавцан байрлуулсан зургаан гурван дугуйт тэрэг хөлслөн зөөв. Тэдний дөрөв нь хөшөөний хэсгүүдийг хоёр нь босгоход шаардлагатай багаж бусад зүйлсийг ачжээ.
Тэд эрх баригчдын үүсгэж мэдэх аюулаас сэргийлэх үүднээс Төв Урлагийн Академиас талбай хүрэх маршрутаа буруу мэдүүлсэн бөгөөд олон оюутнууд зайлшгүй тохиолдолд хамгаалах үүднээс гараа барин хүрээлж явжээ.
5-р сарын 29-ний үдшийн бүрий болох цагаар 10,000 хүрэхгүй жагсагчид үлдсэн талбайд Урлагийн сургуулийн оюутнууд хулсан шат угсарч, хөшөөг барьж эхлэв. Оюутны хөдөлгөөн болон хөшөөний угсрах явцыг зогсоохоор дуудсан цэргүүдийн замд Бээжингийн оршин суугчид хөндөлдөн саад болсон байна.
1989 оны 05-р сарын 30-ны өглөө хөшөөг албан ёсоор нээхдээ цугларсан олны дундаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг санамсаргүй байдлаар сонгож хөшөөг бүрхсэн улаан, цэнхэр даавууны утсыг тайлуулахаар төв тойрогруу урьжээ. Энэ үед цугласан хүмүүс “Ардчилал мандтугай” зэрэг уриа, лоозон барьж, уухайлж байв.
Хөшөө баригдсанаар оюутнуудын туг далбаа эргэн мандаж, тэдний хийморь сэргэн талбай дахь тэмцлээ үргэлжлүүлэхээр шийдсэнээ дахин мэдэгдэв. 29-нд очиход 10,000 орчим л хүнтэй байсан талбайд 30, 31-ний өдрүүдэд 300,000 гаруй хүмүүс нэмэгдэн цуглав.
Нэгэн түүхчийн хэлснээр “10-хан метрийн өндөртэй, бүдүүлэг хийцтэй хөшөө ардчиллын төлөөх тэмцлийн мартагдашгүй бэлэг тэмдэг боллоо. Тэр олон мянган хүмүүсийг талбай тийш татаж, эрх баригчдын уурыг хүргэв. Тэд энэхүү хууль бус, өөрчлөгдөшгүй бүтцийг нураах ёстой хэмээн буруушаав” гэжээ.
1989 оны 06-р сарын 03-04-нд эрх баригчдын тушаалаар цэргүүд Тянь Ань Мэний талбайгаас жагсагчдыг “цэвэрлэх” үедээ хөшөөг устгасан юм.
06-р сарын 04-ний өдөр хэдэн хүн амь насаа алдаж, шархадсан тоо тодорхойгүй бөгөөд Хятадын Коммунист Намын зүгээс 300 орчим энгийн номхон иргэн, түүний дотор 36 оюутан, 25 орчим цэрэг, цагдаа амь үрэгдсэн гэж мэдэгдсэн бол бусад эх сурвалжууд нас барсан хүний тоог 800-3,400 хүн нас барж, 6,000-7,000 хүн шархадсан гэсэн тооцоолол гаргаж байжээ.
Хятадын засгийн газрын зүгээс тус үйл явдлаас зайлсхийж, Коммунизмд хэлмэгдэгсдийн дурсгалын цогцолбор болохын хувьд уг хөшөөний хуулбарыг барих нь “Хятадын нэр төрийг гутаах оролдлого” гэж үзнэ хэмээн зарласан ч “Ардчиллын дарь эх”-ийг устгаснаас хойш Хонконг, Сан Франциско, Торонто, Вашингтон ДС, Ванкувер /Hong Kong, San Francisco, Washington, D.C., Vancouver/ г.м дэлхийн өнцөг булан бүрт түүний хуулбар, дурсгалын хөшөө боссон.