Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг зургадугаар сарын 25-ны дотор батална
Төрийн байгуулалтын байнгын хороо Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгээр Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг дагаж хэрэгжих хуулиудын хэрэгжих хугацааг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөхийг дэмжлээ.
Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 25-ны дотор бусад хуулиа хугацаанд нь батална гэсэн дагаж мөрдөх хуулиудын тухай заалтыг хэлэлцэж байна. Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулга ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Сонгууль нэгдүгээр сард болохгүй.Хоёрдугаар сараас сонгуулийн тухай хэлэлцэж эхлэх учир нэгдүгээр сард хэрэгжих эхлэхэд асуудалгүй” гэж ярилаа.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхдээ долоо хэмжиж нэг огтлох хэрэгтэй.Ердийн журмаар явахаар ердийн хууль шиг ойлгогдох вий.Дагаж мөрдөх хугацааг тодорхой болгомоор байна” гэсэн саналыг гаргасан юм.