С.Өнөрсайхан: Үерийн үеэр дэд бүтцийн асуудал тулгарсан газарт ажиллаж буй хүмүүсийг вакцинжуулах шаардлагатай
Үерийн нөхцөл байдалтай холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-ийн захирал С.Өнөрсайхан зөвлөгөө өглөө.
Тэрбээр “Үерийн дараа гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. А гепатитын халдварт өртөх эрсдэл байдаг учраас вакцинжуулах ажил яригдах ёстой.Тухайлбал, барилга байгууламж, ус зайлуулах систем, авто замын эвдрэл зэрэг дэд бүтцийн асуудал тулгарсан газарт ажиллаж буй хүмүүсийг вакцинжуулах шаардлагатай. Хэрэв А гепатитын халдвар батлагдвал хавьтал болсон хүмүүс буюу нийтийн тохижилт үйлчилгээний ажилчдыг эмчлэх шаардлага гардаг. Үерийн ус туучиж гарч байгаа иргэдийн зураг, дүрс бичлэг их харагдаж байна. Тухайн ус тогтсон газар доор ямар нүх байгааг хэн ч мэдэхгүй. Иймээс нүхэнд унах эрсдэлтэй. Хаана, ямар байршилд траншейны нүх байгаа талаарх тодруулгыг хийх ёстой” гэв.