Нэг өдөрт 3000 гаруй жуулчин манай улсад иржээ
Манай улс 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд 2023 онд нэг сая жуулчин хүлээж авах зорилтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам(БОАЖЯ)-наас дэвшүүлсэн юм.
Тэгвэл долдугаар сарын 16-нд 3151 жуулчин манай улсад ирсэн болохыг Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс мэдээлэв.
Зорилтын дагуу өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 402424 жуулчин хүлээн авах тооцоолол гаргажээ. Харин долдугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт 292540 жуулчин манай улсыг зорин ирсэн бөгөөд зорилт нь 73 хувьтай байгаа аж.
Өнөөдрийн байдлаар манай улсыг зорин ирсэн нийт жуулчдын 44 хувь нь ОХУ-аас, 17 хувь нь БНХАУ-аас, 16 хувь нь БНСУ-аас иржээ.
Нийт жуулчны 125,308 буюу 43 хувь нь “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар, 55429 жуулчин буюу 19 хувь нь Алтанбулаг боомтоор, 40,608 жуулчин Боршоо боомтоор тус тус орж ирсэн байна.