ТОЙМ: Үерийн гамшгийн улмаас дэлхийн улс орнууд ямар хохирол амссан бэ?
Энэ жилийн тухайд Улаанбаатарт хот төдийгүй хэд хэдэн аймагт үргэлжлэн орсон борооны улмаас үер бууж үерийн гамшгийн аюулыг бүгдээрээ мэдэрлээ. Нийслэлчүүдийн тухайд байр, машин нь усанд автаж, гэрээсээ ч гарч чадахгүйд хүрсэн их усанд орон сууц нь автаж, тог, цахилгаангүй хэдэн өдрийг өнгөрүүлэв.
Орон сууцны гарааш усанд автаж айл өрх эд хөрөнгөөрөө хохирч, гэр хороолол болон зуслангийн бүсийн айлууд усанд автаж зуслангийн байшингаа усанд хөвүүлсэн харамсалтай хэрэг гарав. Тэгвэл зөвхөн монголд л үерийн аюул тохиогоогүй юм. Дэлхийн хэд хэдэн орон үерийн гамшгийн аюулыг амсжээ. Тэдгээрээс Солонгос, АНУ, Энэтхэг, Бразил, Чили улс нарыг онцлон үерийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг тоймлон хүргэе.
Солонгос: Нүхэн гарц усанд автсанаас 50 хүн нас барав
Солонгост долдугаар сарын 09-нөөс хойш үргэлжэн орсон борооны улмаас үер бууж 400 гаруй барилга, зам, гүүр эвдэрчээ. Үүний улмаас 14 хотын 9000 иргэнийг хоргодох байр руу нүүлгэн шилжүүлээд байна. Хамгийн сүүлийн мэдээллээр нүхэн гарц усанд автсанаас үүдэн 50 хүн нас баржээ.
Энэ талаар Солонгосын Ерөнхий сайд Хан Дог сү “Чонжү хотод үүссэн үерийн гамшгийн эсрэг хариу арга хэмжээ авч, хохирлыг багасгахын төоөө цэрэг, цагдаа, онцгой байдал болоод орон нутгийн албан хаагчид бүх нөөц, хүчээ шавхан ажиллаж байна. Боломжтой хамгийн богино хугацаанд бид аврах, нөхөн сэргээх ажиллагааг зохион байгуулна” гэж ярьсан байна.
АНУ: Вермонт мужийн 14 хот онц байдал зарлав
АНУ-ын Вермонт мужид хоёр сар үргэлжлэн орсон бороо хэт ширүүсч хоёрхон хоногийн дотор тус муж үерт автаж, долдугаар сарын 11-нд 14 хотдоо онц байдал зарласан юм. Энэ үеэр тус мужийн захирагч Пил Скотт “Вермонт мужид ийм хэмжээний үерийн аюул тохиолдож байсан. Энэ бол байгалийн гамшиг. Хэн нэгний алдаа биш. Борооны улирал учир бусад хотуудад ч бороо үргэлжлэн орох магадлал өндөр” хэмээн ярьжээ.
Цагдаа, цэрэг, онцгойгийн албан хаагчид нисдэг тэргээр үерийн хамгийн аюултай бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүлжээ. Вермонтоос гадна Нью Хэмпшир, Массачусетс муж үерт автаж, зам гүүр эвдэрчээ.
Чили: Хоёр хүн нас барж, зургаан хүн сураггүй алга болжээ
Чили улсад зургадугаар сарын 23-наас эхлэн хүчтэй аадар бороо орсны улмаас хоёр хүн нас барж, зургаан хүн сураггүй алга болжээ. Үүнээс гадна 10 мянган хүн үерийн голомтод гацаж, 40 байршилд зам хаажээ. Чили даяар 2700 орон сууц үерт өртөж, 54 нь эвдэрч, 5000 хүн хоргодох байранд амьдарч байгаа аж.
Бразил: 11 хүн нас барж, 18 хүн сураггүй алга болжээ
Бразилийн Засгийн газраас мэдээлснээр тус улсад зургадугаар сарын 18-нд болсон үерийн гамшгийн улмаас 11 хүн нас барж 18 хүн сураггүй алга болжээ. Мөн хэд хэдэн сургууль цэцэрлэг усанд автаж, 4000 гаруй хүн хоргодох байранд амьдарч байв.Алга болсон иргэдийг олох, үерийн хор хохирлыг бууруулахын тулд 2400орчим албан хаагч ажилласан байна. Төвийн чухал долоон зам, томоохон гүүр эвдэрч, замын хөдөлгөөнийг хаажээ.
Энэтхэг: 35 мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, 5000 хүнийг майханд байрлуулжээ
Энэтхэг улсын нийслэл Дэли хотод зургадугаар сарын 09-нөөс эхлэн нэг хоногийн турш 153 мм бороо орсны улмаас тус хот үерт автсан билээ. Үүнийг 1982 оноос хойших хамгийн их хэмжээний бороо хэмээн Энэтхэгийн цаг уурын байгууллагаас мэдээлэв.
Гудамжууд усанд автаж, замын хөдөлгөөнд машинууд оролцох боломжгүй болж, олон тооны барилга усанд автсан юм. Үерийн голомтоос 35 мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, 5000 хүнийг түр хоргодох байр, майханд байрлуулжээ. Үүнээс гадна сургууль, коллежууд хаагдахад хүрчээ. Дэли хотын цагдаа нар голд живэхээс 170 хүнийг авран хамгаалсан байна.
Эх сурвалж:Floodlist.com
Б.ДОЛЖИНЖАВ