65 настай энэтхэг эр ковидын эсрэг вакциныг найман удаа хийлгэжээ
Энэтхэгийн 65 настай эр ковидын эсрэг вакциныг хамгийн багадаа найман удаа хийлгэжээ. Бүр цаашлаад түүнийг 11 тун вакцин хийлгэсэн ч байх магадлалтай болохыг тогтоогоод байна.
Тэтгэвэртээ гарсан шуудан зөөгч Брахмдео Мондал хэлэхдээ вакцин нь түүнийг өвчин зовлонгоос ангижруулж, эрүүл байхад нь тусалсан гэжээ. Мөн вакцин олон удаа хийлгэсэн нь түүнд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй гэв. Тэрээр “Вакцин тариулсны дараа миний бие өвдөхөө больж, өвдөлт алга болсон. Өвдөг өвдөж таягтай алхдаг байсан ч одоо таягийн хэрэг үгүй болсон” гэжээ.
Ноён Мондалыг өнгөрсөн долоо хоногт дархлаажуулалтын цэгт 12 дахь удаагаа вакцин хийлгэх гэж байхад нь илрүүлж, зогсоосон байна.
Мадхепура дүүрэгт амьдардаг ноён Мондал хэрхэн ийнхүү олон удаа тариулсан болохыг тогтоохоор мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж. Тус хотын эмнэлгийн эмч Амарендра Пратап Шахи ВВС-д хэлэхдээ “Бид түүнийг дөрвөн газар найман вакцин хийлгэсэн болохыг одоогоор тогтоогоод байна” гэжээ.
Нэг өдөрт хагас цагийн зайтай хоёр удаа тариулжээ. Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 16-нд ард иргэдэд вакцин хийж эхэлснээс хойш Энэтхэг улс орон нутагт үйлдвэрлэсэн Ковишиелд, Коваксин гэсэн хоёр вакциныг голчлон хийж байна. Вакцинжуулалт нь сайн дурын үндсэн дээр явагддаг бөгөөд улсын хэмжээнд голдуу төрийн мэдлийн 90 гаруй мянган төв вакцинжуулалт хийж байна.
Эдгээрт урьдчилан цахимаар бүртгүүлэхгүйгээр шууд очин хийлгэх боломжтой вакцинжуулалтын цэгүүд ажиллах ба иргэн бүртгүүлэхийн тулд иргэний үнэмлэх, сонгогчийн эсвэл жолооны үнэмлэх зэрэг 10 баримт бичгийн аль нэгийг үзүүлэх боломжтой юм. Мөрдөн байцаалтын явцад ноён Мандал нэг өдөрт хагас цагийн зайтай хоёр удаа тариулсан бөгөөд тус бүрийг бүртгэлийн системд оруулсан болохыг тогтоожээ.
“Ийм зүйл хэрхэн болсон талаар бид маш их гайхаж байна. Тэр дундаа ийм удаан хугацааны турш вакцин олон удаа хийлгэснийг хэн ч мэдээгүй өнгөрчээ. Магадгүй бүртгэлийн систем доголдсон бололтой. Мөн бид вакцинжуулалтын төвүүдийг ажиллуулж байгаа хүмүүс хайхрамжгүй хандсан эсэхийг олж тогтоохоор ажиллаж байна” гэж Шахи хэлжээ.
Энэтхэгийн насанд хүрсэн хүн амын 65 орчим хувь нь вакцинд бүрэн хамрагджээ.Ноён Мандал өнгөрсөн оны 2-12-р сарын хооронд 11 тунг хийлгэсэн өдөр, цаг, цэгийн талаар дэлгэрэнгүй тэмдэглэлээ өөрөө хөтөлж байсан гэжээ.
Тэрээр BBC-д хэлэхдээ, Мадхепура даяар вакцинжуулалтын цэг, тэр ч байтугай 100 гаруй км зайд орших хөрш зэргэлдээх хоёр дүүрэгт очиж вакцин хийлгэсэн бөгөөд бүртгүүлэхдээ өөр өөр төрлийн үнэмлэх ашигласан байна.
Энэтхэгийн насанд хүрсэн хүн амын 65 орчим хувь нь вакцинд бүрэн хамрагдсан бөгөөд 91 орчим хувь нь дор хаяж нэг тун вакцин хийлгээд байна.
Эх сурвалж: BBC